Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-31

Дэлхийн хойд хагасаас авсан бүтэн сарын зураг
Дэлхийн хойд хагасаас авсан бүтэн сарын зураг

Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв (барицентр) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдох ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх орбитийн үе) харагддаг байна.

Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ.

Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.

Хүмүүсийн аялж газардсан ганц одон орны биет нь сар юм. Зөвлөлт Холбоот Улсын Луна хөтөлбөрөөр анх хүнгүй хөлөг онгоц сар дээр газардсан ч, ганц Америкийн Нэгдсэн Улсын Аполло хөтөлбөрөөр л хүмүүс очжээ. 1968 онд Аполло 8-р хүмүүс анх очсон бол 1969 онд Аполло 11-р анх удаа Нил Армстронг, Базз Алдрин нар газардсан байна. Ийнхүү 1969-с 1972 онуудын хооронд сар руу зургаан удаа аялжээ. Апполо хөтөлбөр дууссанаар сарны судалгаа түр зогссон ч, цөөн тооны хүнгүй орбитлогч, газардагчид сар дээр буусаар байна. 2018 он гэхэд АНУ хүнийг дахин газардуулах төлөвлөгөөтэй байна. (бүрэн эхээр унших)