Барон Унгерн фон Штернберг

Барон Унгерн фон Штернберг

Бүтэн нэр Барон Ро́берт-Ни́колай-Максими́лиан Рома́н Фёдорович фон У́нгерн-Ште́рнберг
Төрсөн газар Австри-Унгарын эзэнт улс, грац хот
Нас барсан газар ЗХУ. Новосибирск
Ажиллагаа/салбар морин цэрэг
Нэгж дивиз
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн,
Оросын иргэний дайны тулалдаанууд,
Нийслэл хүрээг чөлөөлсөн,
Улаан хадны байлдаан,
Чойрын байлдаан,
Орос руу хийсэн аян дайн,
Хиагтыг эзлэхийн төлөө тулалдаан
Бусад үйл хэрэг монархист

Шдартанбартонхартонхайх" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд Богд хаант монгол төрийг сэргээх зорилгоор хятадын гамин цэргийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагааг амжилттай явуулж байжээ. Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Монгол орныг чөлөөлөхөөр 1921 оны 2-р сарын 24-ний өвлийн хүйтэн өдөр өөрийн хүчнээс олон дахин илүү хүчтэй хятадын гамин цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдаж хүнд тулаан хийж хятад цэргийг ялж нийслэл Хүрээг эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж ард түмний хүсэн хүлээсэн Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн гавьяатай. Барон жанжин 1921 оны 4-р сард хятадын гамин цэргийг Чойрт бут цохиж Монгол орныг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн. Барон жанжин нийслэл Хүрээнд монгол цэргийн сургууль нээж, цахилгаан станц, банк ажиллуулж нийслэл хотыг хур хогноос нь салгаж байжээ. Барон жанжин Оросын эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байсан тул тэр эзэн хаанаасаа урвасан хүмүүсийг үздэггүй байсан. Тэр бээр Орос оронд эзэн хааныг хөнөөсөн улаантан большевикуудын эсрэг хатуу тэмцэж байсан. Барон жанжин удалгүй нийслэл Хүрээнд байсан цэргээ засаж нийслэл Хүрээнээс хөдөлж Зөвлөлт Орос Улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Оросын Улаан Арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулсан. 1921 оны 8-р сард хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүдийн урвалтын уршгаар баривчлагдан Оросын Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаевскд цаазаар авахуулжээ.

Уг гарал, бага идэр нас[засварлах | кодоор засварлах]

Унгерны хүүхэд үеийн зураг
Барон Унгерн фон Штернбергийн удмын сүлд

Унгерны удам угсаа нь герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон маш эртний язгууртан гаралтай. Өөрөө миний цусанд Аттилын удам угсаа ч бий хэмээн ярьдаг байсан. Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан боловч төгсөхөөс өмнө Орос-Японы дайнд цэрэгт явсан. Гэсэн ч Манжуурт очиход дайн дууссан байжээ. 1906-аас 1908 онуудад Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн. Тэр буддын шашныг эртнээс сонирхдог байжээ.

Цэргийн албанд[засварлах | кодоор засварлах]

Унгерн-цэргийн сургуулийн сонсогч

1908 оноос Байгаль нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд хорунжий цолтой алба хаасан. 1913 онд Ховд хотод алба хааж байсан.Барон монголын Ховдод алба хааж байхдаа Богд хаант монгол төрийн цэргийн албанд ямар ч цалингүйгээр зүтгэе хэмээн хүсэлт гаргаж байжээ. Барон 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын казакын 34-р хороонд алба хааж эхэлжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа гавьяа байгуулж олон тооны одон медалиар шагнуулж байсан. Сахилга алдсаны улмаас буриад хольцтой Семёновын (сүүлд Байгал нуурын чанад дахь казакуудын атаман) хороонд шилжсэн. Семёновыг дагаж 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа Байгал нуурын чанадад очиж ажиллах болжээ.

Иргэний дайн, Монголд[засварлах | кодоор засварлах]

Унгерн-Стернберг Улаан армийн штабын байцаалтад Иркутск хотод байцааж байна

Барон фон Унгерн-Штернберг нь Оросын иргэний дайнд Цагааны талд Атаман Семёновын удирдлаган доор Харийн дивизийг (сүүлд Азийн морин дивиз) удирдан Байгал нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми Чит хот руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Дагуурыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ.

Барон жанжин 1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илт давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болсон, тун удалгүй хоёр дахь дайралтыг 1920 оны 12-р сард харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухаржээ. Монгол, буриад цэргүүд, түвдийн зуутаар хүчээ дахин зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг өөрийн нэг мянга орчин цэргийн хүчээр хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд нийслэл Хүрээг эзлэн хятадын гамин цэргээс чөлөөлжээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг тусгай цэрэг явуулж хятадын гараас чөлөөлсөн ажээ.Барон жанжин Хүрээг довтлохын өмнөх шөнө Богд ууланд байгаа цэрэг бүрийг "нэг цэрэг гурван түүдэг гал түл" хэмээн тушааж Чингис хааны тулааны тактикийг хэрэглэн гамин цэрэгт тэднийг олон цэрэг бүсэлсэн мэт харагдуулж гамин цэргийн санаа сэтгэлийг унагааж сэтгэл зүйн дайн хийж ялж байжээ.

Монгол дахь Азийн морин дивизүүдийн тулаан

Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн баярлан хүлээн авчээ.Барон жанжин Хүрээний шоронд байсан Богд хаант төрийн олон зүтгэлтнүүд, гамин цэргийн эсрэг тэмцэж байсан олон хүмүүсийг чөлөөлжээ.Шоронд байсан хүмүүсийн дотор Хатанбаатар Магсаржав байсан байна. Хүрээ хотын дотор зарим нэг дээрэм тонуул гарсныг Барон жанжин зогсоож хэрэг хийсэн цэргүүдийг цаазаар авав. Барон жанжин эртнээс буддын шашинд орохыг хүсдэг байсан тул энэ удаа тэр бээр Бурханы шашинтан болжээ. Барон жанжин Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийж залсан байна. Уг ёслолоор Богд хаан түүнд чин вангийн хэргэм, Улсыг мандуулагч их баатар жанжин цол олгожээ.Мөн Сэлэнгийн Зэлтэрт эдлэн газар олгожээ. Их Хүрээний Захирагч болсон тэр вээр большевик еврей оросын эсрэг хатуу бодлого явуулж, ялангуяа Эзэн хаанаа эсэргүүцдэг, хувьсгалч тэрс үзэлтэй еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросууд болон хэрэг хийсэн хятад иргэдийг баривчлан заримыг нь цаазаар авч байв. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, монголчууд улаантны талд урвах нь ихэссэн тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орост хаант засгийг дахин тогтоох, Богд хаант Монгол улсын хойд хилийг улаантны аюулаас хамгаалах төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт цэргээ хөдөлгөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Богд хаанаас Хан, Дархан хошой чин вангийн хэргэм шагнасан тухай зарлиг[засварлах | кодоор засварлах]

Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг
Орос жанжин генарал Барон болбоос бидний Монголын өөрийн эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн. Түүний бие анх цэрэг авч ирснээс инагш хүйтэн жихүүнд халшрал хийхгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслагсангүй, эцэстэл зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавъяа бүтээсэн ба шан хорыг тэгшлэн, цэргийн цаазыг явуулсанийг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой. Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж, генарал Баронд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отог, улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнавай. Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олговой.                    -Олноо Өргөгдсөний арваннэгдүгээр он

Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт[засварлах | кодоор засварлах]

Унгерн улаан цэрэгт олзлогдсоны дараа

1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах генерал Резухин хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохисон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдааны үйл ажиллагаа явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Барон Унгерн олзлогдсон тариачин гаралтай улаан орос цэргүүдийг суллан явуулж байжээ. Барон Унгерн улаан орос цэргийн илт давуу хүчийг сайн тооцоолоогүй байжээ. Хоёр гуравхан мянган цэрэгтэйгээр хорь гучин мянган улаан орос цэргийн эсрэг тулалдана гэдэг өөрөө өөрийгөө алахтай адил байлаа. Барон Унгерний цэрэг эцэстээ хүчээр хэд дахин илт давуу улаан орос цэрэгт ялагдав. Ялагдлын дараа Барон Унгерн Түвд руу явахаар шийдсэн нь Манжуур луу аялан Атаман Семёновттой нийлэхийг илүүд үзэж байсан түүний цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн эдгээр цэргүүд 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг буудаж алахыг оролдсон боловч тэрээр түүнийг дагасан Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжжээ. Барон жанжин Бишрэлт гүн Сундуй дээр давхиж очиход харин тэр хоёр монгол цэргийн хамт түүнийг гэнэт баривчлан улаан орос цэргийн дарга Щетинкинд хүргэж өгчээ. Саяхан л улаантны эсрэг хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүд ийм амархан улаантны талд урвасанд Барон жанжин итгэж чадахгүй байсан гэдэг. Улаан Орос цэргийн дарга Щетинкин өөрийн талд орсон Сундуй гүнийг 2 монгол цэргийнх нь хамт энэ урвасан "гавьяа"-ных нь төлөө амьд үлдээж Монгол руу буцахыг зөвшөөрсөн ажээ. Харин Барон жанжныг улаан орос цэргүүд Новониколаевскад цаазаар авахаар хүргэжээ.

Шүүх хурлын үеэр Барон Унгерн.

1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг яаралтай түргэн цаазлах үүрэг даалгавар өгчээ. 1921 оны 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүж азийн их Монгол гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, Орос оронд хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг шуурхай гүйцэтгэсэн байна. Большевикуудын шүүх хурал гэгч жүжгийг Барон жанжин огт зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Орос орныг сүйрүүлсэн хэрэгт большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүнийг улаан оросууд цаазаар авсныг сонссон Богд гэгээн монголын бүх буддын сүм хийдэд ном хуруулж байжээ. Унгернийг Дилав хутагт Жамсранжавтай уулзахад Дилав хутагт Унгерний амьд явах хоногийнх нь тоог нь далны ясаар урьдчилан мэргэлж хэлсэн байдаг нь нас барсан өдөртэй нь яг таарч байсан гэдэг.

Хэргийг нь дахин хянасан нь[засварлах | кодоор засварлах]

Новосибирийн мужийн шүүхийн 1998 оны 9 сарын 25-ны хуралдаанаар Барон Унгерн фон Штернбергийг цагаатгахаас татгалзсан байна. [1]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Барон Унгерн нь нэг удаа гэрлэж байсан ба энэ нь Манжийн эзэн хааны Цзи гүнж юм. Барон Унгерн 1919 оны зун Бээжинд очсоны дараа Цзи гүнжтэй гэрлэж Оросын Үнэн алдартны шашины дагуу гүнж өөрийн нэрийг слав гаралтай Елена Петровна нэрээр өөрчилсөн ажээ. Барон Унгерн нь 1920 онд Монгол руу хятад цэргийн эсрэг довтлохоос өмнө Цзи гүнжээс албан ёсоор салсан ба энэ тухайгаа эхнэртээ захиа бичиж мэдэгдэж, богинохон хугацаанд эхнэр нь байсан хүнийхээ цаашдын амьдралд нь зориулж үлэмж ихээхэн хэмжээний мөнгө дагалдуулан илгээж байжээ. Энэ гүнжийн цаашдын амьдралын тухай мэдээлэл хомс байдаг юм. Барон Унгерн эмэгтэй хүнд сэтгэл алдардаггүй байсан. Энэхүү ганц удаагийн гэрлэлт нь хайр сэтгэлийн гэхээс илүү улс төрийн зорилготой байсан хэмээн зарим судлаачид үздэг.Үнэхээр Барон Унгерн манж, монгол хоёр үндэстнийг дахин сэргээж дорно дахины хүчирхэг Их Монгол улс дахин сэргээн байгуулахыг мөрөөддөг байсан гэдэг. Барон Унгерн, Цзи нар үр хүүхэдгүй байсан. Барон жанжинд хувийн амьдрал гэж байгаагүй.Барон жанжин хамаг амьдрал, өмч хөрөнгөө цэргүүддээ зориулсан байдаг.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Гэгээн Георгийн 4-р зэргийн одон (1914 он);
  • Гэгээн Аннагийн 4-р зэргийн одон (1914 он);
  • Гэгээн Владимирын 4-р зэргийн одон (1915 он);
  • Гэгээн Станиславын 4-р зэргийн одон (1915 он);
  • Гэгээн Аннагийн 3-р зэргийн одон (1916 он);
  • Оросын армийн дэслэгч генерал цол (1920 он, маргаантай);
  • Монголын хошой чин вангийн зэрэг хэргэм (1921 он);
  • Монгол улсыг мандуулагч их баатар жанжин цол (1921 он).

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Утга зохиол ба урлагт[засварлах | кодоор засварлах]

  • Леонид Абрамович Юзефович өөрийн «Самодержец пустыни» номондоо Барон Унгерний захидлууд болон бусад сонирхолтой баримтуудыг оруулжээ.
  • Польшийн аялагч зохиолч Антоний Фердинанд Оссендовский Барон Унгернтэй уулзаж, ажиллаж байсан бөгөөд түүний тухай «И звери, и люди, и боги» номоо бичжээ.
  • Калинов Мост хамтлагийн «Вечное небо» дууг түүний дурсгалд зориулжээ.
  • Жамьянгийн Бунтар ба А.Бобровскийн найруулсан Төгсгөл уран сайхны кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.
  • Сүхбаатар кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.
  • "Зөвхөн намайг үхсэний дараа" scence Найруулагч Б.Баяр

Домог яриа, цуу яриа, онигоо[засварлах | кодоор засварлах]

  • 1921 онд улаантнуудад баригдахаасаа өмнө Барон Унгерн бүх алт эрдэнэсээ Сэлэнгийн Ингэт толгойд нуусан гэсэн цуурхал тарж байжээ.
  • 2005 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо "Барон Унгерн алтаа хаана нуусан бэ?" гэсэн асуултаар зар сурталчилгаа өргөн хүрээтэй хийж байжээ. Уг хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насанд халдаж цаазаар авахуулсан бөгөөд, удалгүй дампуурсан тус хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгө Барон Унгерний алт шиг алга болжээ.
  • Онигоо: Барон Унгерн алтаа хаана нуусан бэ? – Оюутолгойд

Цаашид унших[засварлах | кодоор засварлах]

  • Bodisco Th. von, Dugin A., Evola J., Fernbach M., Freitag Y., Greiner A.W., Mutti C., Nesmelow A. 2007. Baron Ungern von Sternberg – der letzte Kriegsgott. Straelen: Regin-Verlag.
  • Hopkirk, Peter (1986) Setting the East Ablaze: on Secret Service in Bolshevik Asia. Don Mills, Ont.
  • Kamil Giżycki (1929). Przez Urjanchaj i Mongolje. Lwow – Warszawa: wyd. Zakladu Nar. im. Ossolinskich.
  • Kuzmin, Sergei L. (2011). The History of Baron Ungern. An Experience of Reconstruction. Moscow: KMK Sci. Press, ISBN 978-5-87317-692-2.
  • Kuzmin, S.L. (compiler) (2004). Baron Ungern v Dokumentakh i Memuarakh. Moscow: KMK Sci. Press, ISBN 5-87317-164-5.
  • Kuzmin, S.L. (compiler) (2004). Legendarnyi Baron: Neizvestnye Stranitsy Grazhdanskoi Voiny. Moscow: KMK Sci. Press, ISBN 5-87317-175-0.
  • Maclean, Fitzroy (1974). To the Back of Beyond. Little, Brown & Co., Boston.
  • Michalowski W.St. (1977). Testament Barona. Warszawa: Ludowa Spoldzielnia Wyd.
  • Ossendowski, Ferdynand (1922) Beasts, Men and Gods. New York.
  • Palmer, James (2008) The Bloody White Baron. London: Faber and Faber. ISBN 0-571-23023-7
  • Pershin, D.P. (1999) Baron Ungern, Urga i Altanbulak. Samara: Agni.
  • Pozner, Vladimir (1938) Bloody Baron: the Story of Ungern–Sternberg. New York.
  • "Personal survey of some books". Retrieved 2009-04-01.
  • du Quenoy, Paul. “Perfecting the Show Trial: The Case of Baron von Ungern-Sternberg,” Revolutionary Russia, 19: 1, June 2006.
  • du Quenoy, Paul. “Warlordism à la russe: Baron von Ungern-Sternberg’s Anti-Bolshevik Crusade, 1917-1921,” Revolutionary Russia, 16: 2, December 2003
  • Sunderland, Willard. The Baron's Cloak: A History of the Russian Empire in War and Revolution, Cornell University Press, 2014. ISBN 978-0-8014-5270-3
  • Yuzefovich, Leonid. Le baron Ungern, khan des steppes
  • Znamenski, Andrei (2011) Red Shambhala: Magic, Prophecy, and Geopolitics in the Heart of Asia. Wheaton, IL: Quest Books. ISBN 978-0-8356-0891-6

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Постановление Президиума Новосибирского областного суда от 25 сентября 1998 года (дело № 10с-98 год)