Ларри Бёрд

Larry Bird (2004)

Ларри Жо Бёрд (Англи: Larry Joe Bird, 1956 оны арванхоёрдугаар сарын 7-нд Индиана мужийн Уэст Баден Спрингс хотод төрсөн) — Ирланд гаралтай америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бостон Селтикс багийн түүхэн тоглогч билээ. Олимпийн аварга (1992), НБА-гийн 3 удаагийн аварга (1981, 1984, 1986), улирлын 3 удаагийн үнэ цэнэтэй тоглогч (1984, 1985, 1986), бүх оддын бэлгэдлийн багт 10 удаа нэрлэгдсэн уртаас урт үргэлжлэх гуншинтай домогт 50 тоглогчийн нэг, хамгийн ашигтай (оноо авалт, бөмбөг авалт, дамжуулалт) тоглолтуудыг хийсэн арван тоглогчийн нэг Бёрд 1997—2000 оны хооронд Индиана Пэйсерс багийн дасгалжуулагчаар ажиллаж байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эцэг эх нь салж сарниж удалгүй өнчирч хоцорцгоосон хүүхдүүдийн отгон нь Ларри Бёрд байв. Индианагийн коллежийн багт байхаасаа сагсан бөмбөгийн спортоор үнэнхүү мандаж байлаа. 1978 оны драфтын №6 сонголтоор Бостон Селтикс багт элсэн, НБА дахь шинэ улиралдаа онцгой байж 82 тоглолтын дунджаар 21.3 оноо, 10.4 бөмбөг авалт, хасагдах шатны тоглолтуудад (9) 21.3 оноо, 11.2 бөмбөг авалт дунджилж оны шинэ тоглогчоор алдар нэрээ дэлхий дахинд түгээсэн юм. Бостон багийн хувьд Бёрд тэргүүтэй шижигнэсэн залуусынхаа ачаар 1980-1981 оны улиралд аварга цол хүртсэн билээ. Тэр өмнөх улирлын үзүүлэлтээ ахиулсан.

1980-1989 оны хооронд Лейкерс болон Бостон багуудын тулаан НБА-г үнэнхүү чимдэг байлаа. Үнэндээ хоёр багийн гэж яригдах ч түлхүүр тоглогчид нь байсан Бёрд, Мэжик Жонсон нарын ширүүн өрсөлдөөн байсан юм. Тэд бие биенийхээ тоглолтыг сайн мэднэ. Хоёр тоглогчийн аль нэг тааруу тогловол тэр баг НБА-гийн түрүү авах жишээтэй. Тэд бие биенээ хурцалсан спортын сайхан андууд. 1979 оны хасагдах шатны тоглолтонд Бёрд, Жонсоны багууд тунахад 121-103 харьцаагаар Бостон дийлэхэд Бёрд 34 оноо авч байсан бол хоёр дахь удаагийн өрсөлдөөн 1983-1984 оны улиралд шувтаргын тоглолтонд өрнөсөн. Долоо дахь тоглолтоор ялагчаа тодруулсан тус тоглолт 111-102 харьцаагаар Бостоны талд шийдэгдэхэд улирлын болон шувтаргын тоглолтын MVP Бёрд 20 оноо, 12 бөмбөг авалт хийж байжээ.[1] Цаашлаад олон олон тулаанууд жинхэнэ дуулианууд тарьж байсан юм. Бостоны домогт тоглогч нэг тоглолтонд хамгийн дээд тал нь 60 оноо авч байсан ба нийтдээ 59 удаа трипл-дабл хийсэн үзүүлэлтээрээ түүхэнд айргийн тавд багтжээ.

Ларри Бёрд жижиг болон хүчний довтлогчийн байрлалд тоглодог байсан ба талбай дээр маш гярхай, байрлал сэлгэх хурд сайн, хамгаалалтанд түлхүү оролцдог, шидэлтийн хувь өндөр, цуцаа багатай, зан араншин тогтвортой гээд шилдэг тоглогчид байх ёстой бүхнээ өөртөө цогцлоосон зууны шилдэг цагаан арьст сагсан бөмбөгчин билээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "The 1984 NBA Finals" (in англи). NBA. Archived from the original on 2011-06-28. Retrieved 2012-01-08.

Холбоос[засварлах | кодоор засварлах]