Уильям Жеймс Сидис


Хамгийн өндөр IQ-тай хүн

Уильям Жеймс Сидис

( 1898 - 1944 )

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр IQ-тай гэж тэмдэглэгдсэн хүн бол Украйны цагаач еврей гэр бүлээс гаралтай Уильям Жеймс Сидис (1898 онд төрсөн) юм. Түүний эцэг эх хоёр нь өөрсдийн ажилладаг салбарт шилдэг мэргэжилтнүүд гэж тооцогддог байсан тул Уильям маш ухаалаг төрсөнд гайхах явдалгүй.

Хамгийн өндөр IQ-тай хүнЭцэг Борис Сидис нь америкийн алдартай сэтгэл судлаач эрдэмтэн, Харвардын Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш, харин эх Сара нь Бостон хотын Анагаах ухааны Их сургуулийг төгссөн боловч хүүгээ сод ухаантан болгож хүмүүжүүлэхийн тулд ажлаа орхисон гэдэг. Эхнэр нөхөр хоёр өөрсдийн бодож боловсруулсан шинэлэг арга барилаар хүүдээ боловсрол эзэмшүүлж эхэлжээ. Үүний үр дүнд бяцхан Уильям 18 сартайдаа (1 нас хагастай) «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг болсон гэнэ. 6 настайдаа өөрөө бүрэн ухамсарласны үндсэн дээр шашингүй үзэлтэн болжээ. 8 хүрээгүй байхдаа 4 ном бичиж, 11 нас хүрмэгц Харвардын Их сургуулийн оюутан болов. Түүний бүтээлүүд шинжлэх ухааны олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсны дотор Америкийн түүх, сэтгэл судлал, сансар судлал ч багтана.

Уильям галт тэрэгний билет цуглуулдаг өвөрмөгц хоббитой байсан гэнэ. Ер нь төмөр замын системийг ихэд сонирхож, төмөр замын тээврийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх арга барилыг тодорхойлж байжээ. Харин энэ санаанууд нь дөнгөж одоо л зохих хүмүүсийн анхаарлыг татаж буй нь хачирхалтай. Уильям 1930 онд өндөр жилүүдийг алдалгүй тооцоолсон төгсгөлгүй хуанлийг зохион бүтээж патент авчээ. Түүний ер бусын авьяас чадвар үүгээр хязгаарлагдсангүй. Зарим эх сурвалж түүнийг 40 хэл мэддэг гэдэг ч, зарим нь 200 гэж баталдаг. Тэрээр хэлийг зүгээр нэг мэдээд зогсохгүй ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулдаг байлаа. Vendergood гэдэг нэртэй шинэ хэлийг ч зохиосон юм. Сонирхолтой нь, Уильям 8 настайдаа өөрийн 2 дахь ном болох «Book of Vendergood»-дээ энэ хэлээрээ бичжээ. Шинэ хэлний суурь нь латин, грек, франц, герман болон бусад ром язгуурын хэлнүүд гэнэ.

Гэвч Сидис нийгмийн амьдралд тун идэвхгүй хойрго нэгэн байлаа. Бүр залуу байхдаа оюуны хөдөлмөрт өөрийгөө зориулахаар шийдэж сексээс татгалзсан гэдэг. Насан туршдаа Сидис жирийн нягтлан бодогчоор ажиллаж, бусдаас онцгойрч ялгарахыг огт хүсдэггүй байв. Түүний суут ухаан мэдэгдээд ирмэгц ажлаасаа халагддаг байсан гэнэ. Энэ гайхалтай хүн 1944 онд, дөнгөж 46 настай байхдаа тархины доторх цус алдалтын улмаас Бостон хотод нас баржээ.

Уильям Жеймс Сидис бол манай гарагийн хамгийн авьяаслаг хүн байсан юм. Түүн шиг 1,5 настайдаа уншиж, бичиж, 4 настайдаа Гомерийг эх хэл дээр нь уншиж, 6 настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж, 7-тойдоо Харвардын анагаах ухааны сургуулийн шалгалтыг өгч, 8 нас хүрэгүй байхдаа 4 ном бичиж, 8 хэл мэддэг байсан, 16 настайдаа Харвардын Их сургуулийг онц дүнтэй төгссөн хүн одоогоор гараагүй байгаа юм.