Jump to content

"БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” 1958 оны гэрээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” 1957- 1958 оны гэрээ ЗХУ, БНМАУын хооронд 1957-1958 онд байгуулсан хилийн цэсийг шинэчилэн тогтоох тухай гэрээ юм. Энэ гэрээгээр 1932 оны С.Гэндэн Х.Чойбалсан нарын гаргасан тогтоолоор алдсан Харуулын хайчийн зам болон Тагнын нурууныбэлээр, Тэсийн голын хойгуур, тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын хилийн хойт хэсэгт 10-15 км, Сагиль сумын хэсэгт 20 км, Давст сумын ар хэсэгт 50 км, Тэс, Зуунговь сумын хойд хэсэгт 90 км, Завхан аймгийн Баян уулсумын хойт хэсгээр 10-40 км, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан уул сумын баруун зарим хэсгээр 10-45 км тус газарыг эргүүлж авах зорилготой, хилийн маргаангүй болж НҮБ-д элсэх бэлтгэл ажил болгож хийсэн гэрээ юм.(Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн туухийн тойм. 1911-2011 он. т.508).

Тухайн үеийн нөхцөл

[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-д Зөвлөлт Холбоот Улсын Элчин сайдаар В.Молотов 1957 онд томилогдон Улаанбаатар хотод ирсэн. Вячеслав Молотов нь Сталины үед Засгийн газрын тэргүүн болон Гадаад явдлын амяны сайдаар ажиллаж байсан түүний итгэлт хүн. Түүний нэр Зөвлөлтөд 1937 онд болсон улс төрийн хэлмэгдүүлэлттэй салшгүй холбоотой байдаг.Тэрбээр Зөвлөлтийн Гадаад Явдлын яамны сайд байхдаа 1939 онд нацист Германтай хэлэлцээр хийж Польшийн газар нутгийн зүүн хэсгийг Зөвлөлтөд нэгтгэсэн, 1940 онд Балтийн орон Латви, Литва, Эстонийг Зөвлөлтөд хүчээр нэгтгэх болобн олон улс төр-диплрматын үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан болон оролцсон байна. 1957 онд Молотов Хрущевын эсрэг бүлгийг толгойлж хуйвалдаан зохион байгуулсан боловч бүтэлгүйтэж түүнийг бүх албан тушаалаас нь халж ,ЗХУ-ынКоммунист намын Төв Хорооны гишүүнээс нь гаргав. Зөвлөлтийн удирдагчид түүний урьдын “гавьяаг”-нь үнэлж, ажилгүй орхисноос Монголд Элчин сайдаар томилсон байна.

Гэрээ байгуулах хэлэлцээний явц

[засварлах | кодоор засварлах]

1958 онд БНМАУ ба ЗХУ-ын хилийн гэрээг байгуулахаар Монголын талаас БНМАУ-ын Гадаад явдлын амйн сайд С.Аварзэд, Зөвлөлтийн талаас ЗХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.Молотовын тус тус ажлын хэсгийн ахлагчаар томилон ажилуулсан байна. С.Аварзэд бол Зөвлөлт Холбоот Улсад Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг олон улсын эрх зүйч хуульч мэргэжлээр төгссөн, орос, франц хэлтэй, өндөр боловсролтой, мэдлэг, туршлагатай, эх оронч хүн байлаа.

Тэрбээр Ю.Цэдэнбалын өөрийн гараар бэлдэн, богино хугацаанд албан тушаал ахиулан дэргэдээ байлган бэлдсэн боловсон хүчин байсан ба 1952 оноос эхлэн ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 1953-1954 онд Улсын прокурорын орлогч, 1954-1955 онд Засгийн газрын Зохион зааварлах хэлтсийн дарга, дараа нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байв. Зөвлөлтийн төлөөлөгчид Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг тогтоох санал, гар зураг бэлтгэхдээ Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан их хэмжээний газрыг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаасан байжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган нутаг байлаа.Зөвлөлтийн Элчин сайд Молотов “манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийж эхэлсэн байна. Молотовын энэхүү шаардлагын үндэслэл нь БНМАУ ба Тагна Тувагийн бүгд найрамдах улсын хороонд гарч байсан хийлийн маргаанаас эхлэлтэй байна. Энэ үед буюу 1932 онд БНМАУ-ын Ерөнхий сайд Гэндэн гарын үсэг зурж, Х.Чойбалсан тогтоол гарган баталгаажуулсан хилийн маргаантай зарим нутгийг Харуулын хайчийн зам болон Тагнын нурууныбэлээр, Тэсийн голын хойгуур, тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын хилийн хойт хэсэгт 10-15 км, Сагиль сумын хэсэгт 20 км, Давст сумын ар хэсэгт 50 км, Тэс, Зуунговь сумын хойд хэсэгт 90 км, Завхан аймгийн Баян уулсумын хойт хэсгээр 10-40 км, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан уул сумын баруун зарим хэсгээр 10-45 км тус тус Тувад шилжүүлэх тухай шийдвэртэй шууд холбоотой байлаа.

Ер нь Хилийн түүх, хилийн харилцаанд бий болсон түвэгтэй асуудлуудын нэг нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оноос эхлэн Тува ЗХУ-д нэгдэн орсон 1944 он хүртэлх үеийн Монгол-Тувагийн харилцаа юм. 1924 оны хэлэлцээрээр Туваг Монголын харъяалалд үлдээх зорилгоор Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржавыг НТХ-ын дарга С.Данзан, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нар тоилон явуулсан түүхэн баримтуудыг гаргаж байв.Монгол-Тувагийн хилийн асуудал 1926-1944 18 жилийн хугацаанд 1930-1932, 1934, 1940 онд Монгол-Тува хооронд улсын хил тогтоох асуудлаар хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрэлгүй 1944 он хүргэж Тува улс ЗХУ-д нэгдэж бүрэлдэхүүнд нь орсноор Монгол-Зөвлөлтийн хилийн асуудал болж хүндэрсэн юм. Мөн хэлэлцээр дээр С.Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж байгаа газар бол Монголын нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа. Ингэхэд Элчин сайд Молотов манай сайд С.Аварзэдэд: Эрхэм сайд аа! Та бид хоёр үдийн зоогоор уулзах хэрэг байна гэж утас цохиход "За яах юм бол доо, нэг л учиртай даа" гэж хаширлан: "За болно оо, болно. Би хүрээд очъё” гэв. С.Аварзэд сайд очоод мэнд усаа мэдсэний хойно Молотовоос "Та суугтун! гээд Манай Засгийн газраас хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг надад даалгасан тул холбогдох материал цуглуулах ажилд орж зав чөлөө муутай болох нь шиг байна гэжээ. Хоёр талын сайд цай ууж, өндөр хэмийн дарс тэргүүтэн татаж холбогдох асуудлаар товч ярилцсаны хойно С.Аварзэд тэндээс гарчээ. Энэ хоёрын уулзалтаас хойш Засгийн газрын тэргүүн орлогчоо дуудаж хилийн асуудлаар ярилцаж Увс аймаг Тува мужтай хиллэж байгаа газрын талаар тогтоолт хийх талаар мэдэгдэл ирсэн тул нөхөр сайд та уг нутгийн байдлыг судалж хэлэлцээр хийх төсөл боловсруулаатах гэжээ. Сайд энэ талаар нухацтай ажил зохиохоор шийдэж тэр нутагт тусгай эрх бүхий төлөөлөгч явуулж тэндэх нутгийнхны суурьшил, заншил ёс, уламжлалт байдал, хүмүүсийн санаа бодлыг авахуулж байсны дээр өөрөө тийш явж шалгаж бүдүүвч зургийг гаргаж байв. Мөн хилийн бүсэд очин давын өмнө хилийн тэмдгийг жишин үзээд Увс аймаг дахь Давст уул ерөөс Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг тул энэ уул бусдын харъяалалд байх учир зүйн үндэс байхгүй болохыг нотолсон байна. 1957 оны 12 сарын 12-нд эхэлсэн хилийн хэлэлцээрийн явцад С.Аварзэдын нийт 13 удаа хэлсэн үгийн тэмдэглэлээс үзэхэд: “Эхлээд “Тагна уулын оройгоор байна” гэж зүтгэж байснаа дараагийн бүгд хурлын үед Монголын хил “Харуул хайчийн замыг баримтлана” гэдэг дээр хатуу зогсчээ. Гэтэл “Харуул хайчийн замын” цаад талд Хөвсгөл аймгийн хэд хэдэн сум орж байснаас мухардмал байдалд орж, дахин үгээсээ буцжээ. “Хэлэлцээр дээр хамгийн сүүлд хэлсэн үгэндээ: “Зөвлөлт Улс манай нутгийн салшгүй хэсгийг зөвшөөрөхгүй байгаа явдал бол Монголын тусгаар тогтнолыг үл зөвшөөрсөн хэрэг мөн” хэмээн авирлаж алдаа гаргаж байжээ” гэж Гавъяат хуульч Б.Цэдэн-иш гуай тэмдэглэсэн байх юм. Хилийн хэлэлцээрийн асуудалтай холбогдон маргаан мэтгэлцээн байсан нь мэдээж. С.Аварзэдээс Улс төрийн Товчоонд бичсэн захидал (Ардын эрх, 1990, №6,7), түүнд хариу болгож Ю.Цэдэнбал УТТ-нд бичсэн захидал (1958.02.20) нь энэ хоёр зүтгэлтэн чухам юун дээр зөрөлдсөнийг тун сайн харуулжээ. С.Аварзэд “1932 оны хэлэлцээр хүчээ олоогүй” гэж үзжээ. Гэтэл 2 талын Засгийн газрын байгуулсан хилийн комисс хамтран хэлэлцээр байгуулж, тухайн үеийнхээ журмаар Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор баталж, тэр тухайгаа Тувад мэдэгдэж, тэр хэлэлцээрийг Тувагийн Засгийн газар баталж манайд мэдэгдэн, түүнийг манайх “Үнэн” сониноороо зарласан юмсанжээ. Хилийн хэлэлцээр бүрэн хүчинтэй болсон гэхэд хэцүү ч ямарч гэсэн 2 улсын Засгийн газрууд баталж, баримт бичгүүдээ солилцчихжээ.. Монголд ашиг багатай, “Давст уул Тувагийнх” гэж тодорхой заасан 1932 оны хэлэлцээрийг шууд үгүйсгэн “бухах” биш, харин эвтэйхэн зайлсхийх бодлогыг Ю.Цэдэнбал тавьжээ. Ю.Цэдэнбал С.Аварзэдийг олон жил бэлдэж тушаал ахиулан дэргэдийн хүнээ болгосон зорилго нь энэхүү гэрээгээр Тувад алдсан газрыг олж ирэх явдал байв. Тэрээр: ”1932 оны протоколуудын талаар бол хүчингүй юм гэж зүтгээд бид хол явахгүй байх. Нам, засгийн шийдвэр нэгэнт гарсан юм. Харин 1940 оны хэлэлцээрээр тэр протоколуудыг хүчингүй болгосон гэж үзэх үү, үгүй юу гэдгийг авч ярьж болох юм. Тэглээ ч гэсэн энэ нь одоо асуудлыг жинхэнэ байгаа байдлаас, хил орчны аль аль талын ард түмний сонирхлыг баримтлан шийдвэрлэхэд онц ач холбогдолгүй юм шиг санагдана” гэж бичжээ. Хариуцлагатай төрийн зүтгэлтэн хүний болгоомжтой бодлого гэж хэлэхээс аргагүй л зүйл бичжээ. С.Аварзэд томоохон саналыг тавьж, нугаршгүйгээр зөрөлджээ. Түүний саналын дагуу тусгасан хилийн шугам нь одоогийн хилийн шугамаас нилээн араар буюу хуучин Харуулын хайчийн зам болон Тагнын нурууны бэлээр, Тэсийн голын хойгуур, тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын хилийн хойт хэсэгт 10-15 км, Сагиль сумын хэсэгт 20 км, Давст сумын ар хэсэгт 50 км, Тэс, Зүүнговь сумын хойд хэсэгт 90 км, Завхан аймгийн Баян уул сумын хойт хэсгээр 10-40 км, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан уул сумын баруун зарим хэсгээр 10-45 км тус тус цаагуур байсан Аварзэд сайд зөвлөлтийн талын тулган хүлээлгэсэн тэрхүү хэлэлцээрт гарын үсэг огт зураагүй ба олон улсын эрх зүйн байдал, түүний шаардлага зэргийг дурдан тайлбарласан байна. Хэлэлцээрт ЗХУ-ын талыг ахлаж байсан В.М.Молотов арай хожуу бодлого саналаа хэлэхдээ: “Өмнөх 1932 оны хилийн хэлэлцээ, хэлэлцээр болсон ч батлагдаагүй явж ирсэн тул бүрэн хүчин төгөлдөр биш, хилийн асуудлыг хил орчмын бага ястан ардуудын идээшил суурьшлын одоогийн бодит байдлыг харгалзан шийдвэрлэх, цаашилбал Зөвлөлт, Монголын ард түмний найрамдлын үүднээс авч үзэх хэрэгтэй. Энэ бол манай комиссуудын удирдамж байх ёстой” гэж тулгасан боловч С.Аварзэдэд энэ тавьсан саналын газар нутгийн талыг нь Монгол улсад, талыг нь Тува улсад хамааруулъя гэхэд С.Аварзэд хүчээр муйхарлаж зүтгэсээр алдсан газрынхаа талыг нь ч олж авч чадаагүй юм. Харин ч С.Аварзэд, В.М.Молотов нарын харилцаа хэмжээ даван хурцдаж В.М.Молотов дургүйцлээ илэрхийлж: “Нөхөр Аварзэд үйл явдлын түүхэн талыг хэт сөхсөн хатуу байр суурь баримтлан Тувагын ард түмнийг доромжилж, улмаар Зөвлөлт, Монголын ах дүүгийн найрамдалд харшилсан үг хэлж байгаа явдалд харамсаж байна”. Ю.Цэдэнбалын даалгасанаар тайван, арга эвээр гэрээг эцэслэж өөрсдийн зорилгоо биелүүлэх явдал байсан ч С.Аварзэдийн хэт хатуурхсан байр суурь нь ийнхүү гэрээ хэлэлцээрийг мухардмал байдалд оруулсанаар тул тэр үед Москвагаас ЗХУ-ын удирдагч байсан Никита Хрущёв (ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга)-ын цахилгаан утас Монголын Төв Хорооны Улс Төрийн Товчоонд иржээ. Тэр цахилгаанд “Танай Гадаад явдлын яамны сайд Москвад хачирхал төрүүлж байна. Яаралтай арга хэмжээ ав” хэмээн тулгасан байна, Тэр үед Цэдэнбал Москва хотод амарч байсан ба хилийн хэлэлцээрийн асуудлаас уламжлан яаралтай Монголд буцан ирсэн байна. Цэдэнбал ирээд илдээ бол “Монгол, Зөвлөлтийн найрамдлын харилцаанд сэв суулгаж, та нар муухай юм хийсэн байна. Нөхөр Аварзэд Улс төрийн товчоог төөрөгдөлд оруулжээ. Түүнд арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн цаагуураа бол гэрээг ямар ч үр дүнд хүргээгүйд ихэд уурлан хилэгнэж байв. Гэвч С.Аварзэдийг Оросуудын хэл амнаас холтгож Унгар улсад элчин сайдаар томилж илгээхэд, өөрийн хүний толгойг иллээ хэмээн Молотов баалж байсан байна. Монгол зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Л.Цэндийг Зөвлөлтийн талын шахалтаар томилжээ. Л.Цэнд нь зөвлөлтийн талаас монголын талд шаардсан бүх газар нутгийг шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч гэрээг эцэслэхээр Зөвлөлтийн талд буулт хийсэн байна.



Гэрээг баталгаажуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

Зөвлөлтийн талын газар нутгийн шаардлагыг Монголын тал бүрэн хүлээн авах тухай хэлэлцээрийн явцад мэдэгдсэнээр “БНМАУ - ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээр”-т хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан байна. Гэрээнд БНМАУ-ыг төлөөлж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Л.Цэнд, Зөвлөлтийн талыг Элчин Сайд В.Молтотов тус тус гарын үсэг зурсан байна. Ийнхүү энэхүү гэрээний үр дүнд БНМАУ-ын Увсын хойд тал, Тэсийн голоос хойш Тагны нуруу давсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2456 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсад хүлээлгэн өгсөн түүхтэй байна.

Хэлэлцээр хийгчдийн цаашдын хувь заяа

[засварлах | кодоор засварлах]

Монголын талыг төлөөлж байсан С.Аварзэдийг "зөвлөлтийн эсрэг үзэлтэн" гэж МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1958 оны 07 дугаар сарын 15-ны хурлаар авч хэлэлцэж, 230 тогтоолоор Гадаад явдлын яамны сайдаас чөлөөлсөн байна. Ерөнхий сайд Ю.Цэдэнбал 1959 оны 1 сарын 2-оос С.Аварзадыг Унгарт элчин сайдаар, дараахан нь Болгарт элчин сайдаар давхар томилгоо өгч илгээжээ. Харилцаа зөөлөн аятайхан оронд ,эмчилгээ сувилгаа, хангамж сайтай ажилд түүнийг томилжээ. 1960 онд өвчний гэсэн шалтгаантайгаар буцаж ирэхэд нь Ю.Цэдэнбал түүнийг өөрийн биеэр үүрэг өгч Улсын Прокурорын хэлтсийн даргаар томилж 2 жил ажиллуулжээ. Дараа нь Барилгын эдийн засгийн комисст зөвлөхөөр, 1962 оноос МУИС-д франц хэлний багшаар ажиллаж, 1964 оноос төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Цогц суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас хотод ирж, 1967 оноос ШУА-ийн Мэдээллийн тасгийн эрхлэгчээр ажиллажээ. Элчин сайд Молотов НҮБ дахь ЗХУ-ын төлөөлөгчөөр томилогдсон байна.

БНМАУ ба БНТТУ хоорондын хилийн заагтай холбоотой шийдвэрүүд

[засварлах | кодоор засварлах]

МОНГОЛ-ТУВАГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН КОМИССИЙН ТОГТООЛ

[засварлах | кодоор засварлах]

МОНГОЛ-ТУВАГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН КОМИССИЙН ТОГТООЛ /1932 оны 6-р сарын 02/. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын комисс ба Бүгд Найрамдах Тагна Тува Ард Улсын Засгийн газрын комисстой Монгол Улсын Дөрвөд аймгийн Зүүнхангай сумын Хүйс хэмээх газарт хоёр улсын хил хязгаарыг тогтоох тухай хамтран хуралдаж зөвшөөрөлдсөн Хорин хоёрдугаар оны зургаан сарын хоёрны өдрийн Нэгдүгээр тогтоол. (1911 оноос эхэлсэн "Олноо өргөгдсөн" хэмээх тооллыг 1924 оноос "Монгол улсын" тоолол хэмээн нэрлэж байсан учир 22-р он бол 1932 он болно, А.Г). СОНССОН НЬ: Тагна Тува Ард Улс ба Монгол Ард Улсын хоорондын зөрчилдөөн бүхий хил хязгаарын асуудлын гол бодлогыг баримтлан хэрэг дээр таслахыг хэлэлцээд: ТОГТООСОН НЬ: Хувьсгалт хоёр улсын Засгийн газраас тус тусын комисст олгосон зааврын гол бодлогыг баримтлан үзээд тус тусын комиссийн санал, бодлого лугаа сайтар танилцаад Монгол Улсын комиссийн санал бодлогыг үндсэндээ зүйтэй хэмээн зөвшөөрөн ХЭЛЭЛЦСЭН НЬ:

  1. 1. Давст уул болвоос Тагна Тува Ард Улсын давсны асуудлыг хангах ганц газар болох тул Тагна Тува Ард Улсын нутаг дэвсгэрт оруулав.
  2. 2. Монгол Улсын хил хязгаарын оршин суугаа ардуудад Давст уулын давсыг үнэ түрээсгүйгээр авч, өөрийн хэрэглэгдэхүүнийг хангах эрхийг олгов.
  3. 3. Усуб (Увс?) нуурын зүүн өмнө этгээдэд буй зөрчилдөөн бүхий дөрвөлжин хэсэг газрыг нь хойд ба өмнө хоёр тэгш болгон хилийг Ахар уулын баруун өмнө өврөөр олсыг тааруулан Нисгэ уулын орой хүртэл татаж, энэхүү дөрвөлжин газрын хойд талыг нь Тагна Улсын дэвсгэр нутагт оруулах ба өмнө тал болвоос Монгол Улсын харьяат Баруун Төрөл нуурын сангийн тариалангийн ажлыг өргөтгөн хөгжүүлэх явдалд онц холбогдол бүхий болох учраас Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулав.
  4. 4. Бусад баруун зүгээс эхлэн зүүн зүгийг чиглэн буй зөрчилдөөн бүхий газруудыг үндсэн дээрээ дундуураар хуваарилж гүйцэтгэхийн дээр дараа хоёр комиссийн хурал дээр хилийн шугамуудыг татах газрын нэрсийг хэлэлцэхээр тогтов.
  5. 5. Хилийн шугамыг татаж гүйцэтгэхдээ уулын орой, даваа, горхи, нуур, гол зэргийг баримтлах ба хэрэв эдгээр зүйл үгүй болох аваас тусгай хилийн тэмдэгүүдийг тавьж гүйцэтгэхээр болов.
  6. 6. Энэхүү тогтоолыг хоёр улсын Засгийн газраас баталсны дараа хуулийн хүчин бүхий болмой.

Монгол Улсын Засгийн газрын комиссийн дарга, гишүүд Тагна Тува Улсын Засгийн газрын комиссийн дарга, гишүүд

БНМАУ-ын САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН НАЙМДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН НАЙМДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ /1932 оны 8-р сарын 12/. 22 оны 8 сарын 12-ны өдөр (дээр дурдсанаар Монгол улсын 22-р он бол аргын тооллын 1932 он юм, А.Г) Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 8 дугаар хурлын тогтоол СОНССОН НЬ: Үүний урьд Засгийн газраас Тува Улстай хил хязгаар холбогдсон хэргийг нэг тийш болгон гүйцэтгүүлэхээр томилогдсон Тусгай комиссийн дарга Цэенрэгзэнгээс тус хоёр улсын Засгийн газрын томилогдсон комиссууд нийлж, энэ тухай тогтоосныг илтгэв. ХЭЛЭЛЦЭЭД:

  1. 1. Тус Монгол ба Тува хоёр улсын тусгай томилогдсон комиссуудаас хамтран нийлж, уул хил хязгаарын газар нутгийн зөрчилдөөн бүхий асуудлыг таслан шийдвэрлэсэн нэг, хоёр, гуравдугаар хурлын тогтоолууд нь үндсэндээ зүйтэй болсон тул ёсоор болгон баталж, зохих газар явуулж гүйцэтгүүлэхийг Гадаад яамнаа даалгахаас гадна орон нутгийн захиргааны газруудад зарлаж, мөнхүү шинэчлэн хуваасан хил хязгаарын овоо тэмдгийг босгож тодорхой болгон гүйцэтгүүлэх явдлыг Захирах байгуулах газарт даалган гүйцэтгүүлсүгэй.
  2. 2. Эдгээр хил хязгаарын тухай томилогдсон комисс болвоос гагцхүү хил хязгаарын зөрчилдөөн бүхий газрыг хуваарилан таслахаас бус хоёр этгээдийн газар нутгийг эдлэх тухай хэлэлцэх явдал үгүй болох тул тус комиссын энэ тухай гаргасан дөрөвдүгээр хурлын тогтоолыг хэрэгсэхгүй болгон, хоёр улсаас жич тогтоовоос зохих учир Гадаад яамнаас Тува Улсын Засгийн газартай харилцан гүйцэтгүүлэхээр тогтов.

Ерөнхий сайд П. Гэндэн

1926 онд Монгол, Тувагийн Засгийн газрын хооронд найрамдлын холбоо байгуулах тухай гэрээний 6-р зүйлд хоёр улсын хилийг албан ёсоор тогтоох талаар тусгажээ. Энэ дагуу 1930 онд хоёр улсын хилийг тогтоох үед санал зөрүүтэй байсан газрын нэг нь Давст уул байв. 1932 онд хоёр улсын хил тогтоох комисс дахин хуралдаж, Давст уулыг Тува улсад харьяалуулах тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1932 оны 8-р хурлын тогтоолын 1-р зүйлд "...хил хязгаарын газар нутгийн зөрчилдөөн бүхий асуудлыг таслан шийдвэрлэсэн нэг, хоёр, гуравдугаар хурлын тогтоолууд нь үндсэндээ зүйтэй болсон тул ёсоор болгон баталж.." гэснээр хүчин төгөлдөр болжээ. Тухайн үед Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн газарзүйч А.Д. Симуков (шар Дамдинсүрэн) “-7225 квадрат км газар нутаг, 1000-д айлын өвөлжөө алдагдав“ гэж Улсын Бага Хуралд илтгэсний хариуд Ерөнхий сайд П. Гэндэн “-Нэгэнт батлагдсан тогтоолыг өөрчлөхгүй” гэж татгалзжээ.


  • Batsaikhan, O. The Last King of Mongolia, Bogdo Jebtsundamba Khutuktu. Ulaanbaatar: Admon, 2008, p.290-293 - ISBN 978-99929-0-464-0

Загвар:Олноо БНМАУ