Jump to content

АНУ-Хятадын худалдааны дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

АНУ-Хятадын худалдааны дайн -2018 онд Доналд Трампыг ерөнхийлөгч байх үед эхэлсэн АНУ, Хятадын эдийн засгийн зөрчилдөөн (худалдааны дайн) юм. Зөрчилдөөний шинэ хурцадмал байдал 2025 онд дахин эрчээ авч эхэлсэн: 2025 оны 2-р сард Хятадаас АНУ-д импортлох бүх барааны гаалийн татварыг 10%, 3-р сарын 4-нөөс 20%, 4-р сарын 22-ноос 50% хүргэж нэмэгдүүлсэн юм. Үүний хариуд Хятадын засгийн газар Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод 10-15 хувийн татвар ногдуулсан байна.

Урьдчилгаа нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

АНУ анх 1950 оны 12-р сард БНХАУ-ын эсрэг худалдааны хориг буюу "эмбарго" тавиад 20 жилийн дараа 1971 онд цуцалсан байна. Дараа нь 1979 онд АНУ, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосоны 1 жилийн дараа АНУ 1980 онд БНХАУ-д худалдааны харилцааны хэвийн статусыг олгох шийдвэр гаргасан байна. 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Хоёр орны худалдааны харилцаа хэвийн болсны үр дүнд 1990-ээд оноос хойш худалдааны хэмжээ хурдацтай өссөн: АНУ-ын импортод Хятадын эзлэх хувь 1990 онд 3.1% байсанаас 2020 онд 19.2% болж өссөн юм. АНУ-ын экспортод Хятадын эзлэх хувь мөн нэмэгджээ: 1990 онд 1.3% байсан бол 2020 онд 9.3% болж 2006 онд Хятад улс Канадын дараа АНУ-ын хоёр дахь том худалдааны түнш болсон байжээ.

Доналд Трамп 2016 оны намар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Хятадтай явуулж байгаа худалдааны харилцааг удаа дараа шүүмжилж, "Хятад улс манай улсыг хүчиндэж байна" гэж мэдэгдэж байв.

2017 оны 4-р сард Ши Жиньпин АНУ-д айлчилж, Д.Трамптай анх удаа уулзсан юм. 2017 оны 11-р сард Доналд Трамп Ази дахь айлчлалынхаа үеэр Бээжинд айлчилсан юм.

2017 онд АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 710,4 тэрбум ам.доллар, үүний дотор АНУ-ын экспорт 187,5 тэрбум ам.доллар, АНУ-ын импорт 522,9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Ийнхүү АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 335.4 тэрбум ам.доллар болсон ажээ.

2017 онд АНУ-д хамгийн их импортолсон бараанууд. Үүнд:

  • цахилгаан тоног төхөөрөмж - 146 тэрбум доллар;
  • машин, тоног төхөөрөмж - 110 тэрбум доллар;
  • тавилга, ор дэрний цагаан хэрэглэл - 32 тэрбум доллар;
  • тоглоом, спортын тоног төхөөрөмж - 26 тэрбум доллар;
  • хуванцар - 16 тэрбум доллар;
  • үйлчилгээ - 17 тэрбум доллар.

АНУ-ын экспорт:

  • үйлчилгээ - 58 тэрбум доллар;
  • нисэх онгоц - 16 тэрбум доллар;
  • машин, тоног төхөөрөмж - 13 тэрбум доллар;
  • хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн - 13 тэрбум доллар;
  • авто машин - 13 тэрбум доллар;
  • цахилгаан тоног төхөөрөмж - 12 тэрбум доллар.

2024 оны 5-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 3 жилийн хугацаанд Хятадын олон төрлийн барааны импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээ зарласан. Цахилгаан автомашины татвар 2024 он гэхэд 27.5% -иас 102.5%, нарны зай хураагуурын татвар 50%, ган, хөнгөн цагааны татвар 25% хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргав. 2025 он гэхэд компьютерийн чипний татвар хоёр дахин нэмэгдэж, 50% болно гэв. 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-р хэсгийн дагуу Хятад улстай хийсэн худалдааны харилцааг дөрвөн жил хянан хэлэлцсэний дагуу авсан эдгээр арга хэмжээ нь Хятадын шударга бус худалдааны үйл ажиллагаа, ялангуяа засгийн газрын татаас ашиглахтай тэмцэх зорилготой байсан юм. Шинэ тариф нь ойролцоогоор 18 тэрбум ам.долларын импортод нөлөөлж, АНУ-ын инфляцид өчүүхэн нөлөө үзүүлэх болно (0.01%) гэж "Oxford Economics" мэдээлжээ. Хятад улс "хүчтэй дургүйцлээ" илэрхийлж, хариу арга хэмжээ авах бодолтой гэж мэдэгдсэн. Хятадтай харилцах гол сэдвүүдийн нэг болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр гаалийн татвар нэмэх шийдвэрийг гаргасан юм. 2024 оны 9-р сард цахилгаан тээврийн хэрэгсэл (100%), цахилгаан тээврийн хэрэгслийн батарей, боомтын кран, чухал ашигт малтмал, хөнгөн цагаан, ган (25%) зэрэг хэд хэдэн төрлийн Хятадын экспортын гаалийн тарифыг нэвтрүүлсэн байна.

2024 оны эцэс гэхэд АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 295.4 тэрбум доллар; АНУ-ын худалдааны нийт алдагдал 918.4 тэрбум доллар болсон (2023 оныхоос 133.5 тэрбум доллараар өссөн).

2025 онд Доналд Трамп хоёр дахь удаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ, Хятадын худалдааны дайн хурцадсан бөгөөд 2025 оны 2-р сарын 1-нээс Хятадаас орж ирж буй бүх бараанд 10 % гаалийн татвар ногдуулсан байна. Мөн өдөр Канад, Мексикээс АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд 25 % татвар ногдуулсан (эдгээр тарифыг нэвтрүүлэх хугацаа 3-р сарын 4 хүртэл хойшлогдсон). Хятад хариуд нь нүүрс, шингэрүүлсэн хий (15%), газрын тос, хөдөө аж ахуйн машин механизм, том оврын суудлын автомашинд (10%) татвар ногдуулсан байна.

АНУ 2025 оны 3-р сарын 4-ний өдрөөс Хятадаас импортлох гаалийн татварыг 20 % хүртэл нэмэгдүүлсэн. Үүний хариуд Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, ялангуяа импортын гол бүтээгдэхүүн болох шар буурцагт 10-15 % татвар ногдуулсан ажээ. 2025 оны 4-р сарын 2-ноос татварыг 54 % болгож нэмэгдүүлээд байна.

Зарим Хятадын компаниудад авсан хориг арга хэмжээнүүд

[засварлах | кодоор засварлах]

Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei зэрэг Хятадын компаниудад АНУ хориг арга хэмжээ авчээ. 2012 оноос хойш Huawei-г АНУ-д нэгдэх, худалдан авах гэрээ хэлцэл хийхийг хориглосон байна.

Вашингтон мөн Хятадын хамгийн том микрочип үйлдвэрлэгч SMIC-д хориг арга хэмжээ авч, түүнийг хамгийн дэвшилтэт техник, технологи худалдан авах, Америкийн компаниудад хагас дамжуулагч худалдах эрхийг хассан; Энэ нь Хятадыг шинэ хязгаарлалтаас эмээж, Тайваниас худалдаж авсан чипийнхээ хэмжээг 50%-иар огцом нэмэгдүүлсэн ажээ.

Үүний хариуд Хятадын эрх баригчид АНУ-ын найдваргүй худалдааны түншүүдийн жагсаалтыг гаргаж, 2023 онд Америкийн "Lockheed Martin", "Raytheon" корпорацуудыг багтаасан байна. 2025 оны 2-р сард PVH Corp -ийг жагсаалтад нэмж оруулжээ.

Харах