Jump to content

АНУ-ын Анхны Тив дамнасан төмөр зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АНУ-ын Анхны Тив дамнасан төмөр замын газрын зураг

АНУ-д Анхны Тив дамнасан төмөр зам (англи. First transcontinental railroad, анх "Номхон далайн төмөр зам" /Pacific Railroad/ , дараа нь "Хуурай газрын зам" /Overland Route/ гэгддэг байсан) - 1863-1869 оны хооронд баригдсан 1,911 майл (3,075 км) тасралтгүй төмөр замын шугам бөгөөд Айова мужийн Каунсил Блаффс дахь АНУ-ын зүүн эргийн төмөр замын сүлжээг Номхон далайн эрэгтэй холбосон юм. Төмөр замын шугамыг АНУ-ын олон төрлийн байгууллагуудын буцалтгүй тусламжаар нийтийн эзэмшлийн газар дээр хувийн 3 компани барьсан түүхтэй. Замын барилгыг мужийн болон АНУ-ын Холбооны Засгийн газрын татаас бонд, мөн компанийн гаргасан ипотекийн бондоор санхүүжүүлсэн байдаг юм.

АНУ-ын Иргэний дайны үеэр төмөр зам нь зэвсэг, хүнс, сум хэрэгсэл тээвэрлэн хүргэх, мөн цэргүүдийг зөөхөд талуудад чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Тиймээс 1862 онд АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн "Номхон далайн төмөр замын тухай хууль"-д гарын үсэг зурж, Калифорни мужийг төв болон зүүн мужуудтай холбох зорилготой энэхүү Тив дамнасан төмөр замыг барих болсон.

Барилгын ажлыг Юнион Пасифик (Union Pacific) болон Төв Пасифик (Central Pacific) гэсэн хоёр төмөр замын компанид даалгаж бариулсан (сүүлийнх нь компани Сакраментогийн зүүн хэсэгт төмөр зам барьсан) юм.

Төмөр замын барих нь хэцүү аюултай байсан. 1867 онд Хятад цагаач ажилчид цалин хөлс, ажлын нөхцлийг сайжруулахын тулд Сьерра Невада нуруунд долоо хоногийн турш тайван ажил хаялт зохион байгуулж байжээ.

Шинэ төмөр зам Небраска, Вайоминг, Юта, Невада, Калифорни зэрэг мужуудаар дамжин өнгөрч байв. 1869 оны 5-р сарын 10-нд Промонтори (Юта муж) тосгоны ойролцоо "Алтан хадаас" (англи. The Golden spike) зоож зам ашиглалтад орсон.

Уг төмөр зам нь Америкийн баруун хэсгийн хүн ам зүй, эдийн засагт маш их өөрчлөлт авчирсан юм. Англи хэлээр ярьдаг цагаачид зүүнээс шинэ газар нутагт суурьшиж, Калифорни мужийн уугуул индианчууд болон испани хэлтнүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү нүүдэл нь өмнө нь бараг 100% Мормон шашинтай байсан Юта мужийн шашны бүтцийг өөрчилөхөд хүргэсэн. 20-р зууны эхэн үе гэхэд өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж буй шинэ, илүү орчин үеийн тээврийн системүүд анхны төмөр замаас янз бүрийн чиглэлд зэрэгцэн баригдсан байна.

Өнөөдөр АНУ-ын хамгийн том Америкийн төмөр замын компани бөгөөд АНУ-ын хамгийн том төмөр замын сүлжээний эзэмшигч болох АНУ-ын Номхон далайн нэгдсэн Төмөр Зам (англи. Union Pacific Railroad) компани нь Миссури голын баруун хэсэг дахь тээврийн ажлуудыг эрхэлж байгаа АНУ-ын төмөр замын хамгийн том сүлжээг эзэмшигч юм.

1880-аад онд тухайн үед Британийн мэдэлд байсан Канад улс өөрийн гэсэн тив дамнасан төмөр зам (Канадын Номхон далайн төмөр зам, англи. Canadian Pacific Railway)- тай болсон.