Jump to content

АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны тамга тэмдэг

АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба (англи. Executive Office of the President, EOP) -АНУ-ын Ерөнхийлөгчид шууд харьяалагддаг засгийн газрын бүтэц бөгөөд түүний туслах, зөвлөхүүд, түүнчлэн янз бүрийн түвшний захиргааны болон техникийн ажилтнууд үүнд багтдаг байна. Заримдаа хэвлэлд "АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа" болон "Цагаан ордны захиргаа" гэгддэг тус албыг Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга тэргүүлдэг байна.

1939 онд Франклин Рузвельтийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордны орчин үеийн ажлын албаны үндэс суурь тавигдсан. Браунлоугийн хорооны зөвлөмжид үндэслэн Ф.Рузвельт 1939 оны өөрчлөн байгуулалтын тухай хуулийг батлахыг АНУ-ын Конгресст ойлгуулж чадсан. Ийнхүү Ерөнхийлөгчид шууд тайлагнадаг Ерөнхийлөгчийн Ажлын алба байгуулагдав. Тухайн үед түүний бүтцэд 1921 онд байгуулагдсан, өмнө нь Төрийн сангийн хэлтэст харьяалагдаж байсан өнөөгийн Удирдлага, төсвийн албаны анхдагч болох Цагаан ордны алба, Төсвийн товчоо багтдаг болжээ. Эхэндээ шинээр байгуулагдсан бүтцэд боловсон хүчний тоо нэлээд даруухан байсан. Гэхдээ түүний бүтээл нь Рузвельтийн дараа гарч ирэх Цагаан ордны ажилтнуудын том бөгөөд нарийн бүтэцтэй аппаратын үндэс суурийг тавьсан юм.

Рузвельтийн оруулсан хувь нэмэр, ялангуяа түүний өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Томас Жефферсон нэг шуудан зөөгч-зарлага, нэг нарийн бичгийн даргатай байсан бөгөөд хоёуланг нь өөрөө халааснаасаа цалинжуулдаг байжээ. Энэ нь 1857 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Конгресс бичиг хэргийн ажилтныг ажилд авах мөнгө олгох хүртэл үргэлжилсэн. Улисс Грант Ерөнхийлөгч болох үед орон тоо гурав болж нэмэгдсэн байна. 1900 он гэхэд Цагаан ордны ажилтнуудад: Ерөнхийлөгчийн нэг нарийн бичгийн дарга (тэр үед ерөнхийлөгчийн ерөнхий туслах байсан), хоёр туслах нарийн бичгийн дарга, хоёр гүйцэтгэх нарийн бичгийн дарга, /стенографич/ хурдан бичээч болон бусад долоон ажилтан багтаж байжээ. Ерөнхийлөгч Уоррен Хардингийн үед ажилтнуудын тоо 31 болж өссөн ч тэдний ихэнх нь бичиг хэргийн ажилтнууд байв. Херберт Хувер ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Конгресс ерөнхийлөгчдөө хоёр нарийн бичгийн даргыг нэмж ажиллуулсны нэгийг нь Хувер өөрийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилж байжээ.