Jump to content

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлаг, товч -NSA [эн-эс-эй] (англи. National Security Agency, NSA) — АНУ-ын Батлан хамгаалах яамны нэгж бөгөөд АНУ-ын Тагнуулын нийгэмлэгийн бүрэлдэхүүнд орж цахим, шинжлэх ухаан, техникийн тагнуул, кибер тагнуул, цэргийн сөрөг тагнуул, АНУ-ын төрийн байгууллагуудын цахим харилцаа холбооны сүлжээг хамгаалах чиглэлээр ажилладаг байна.

1952 оны 11-р сарын 4-нд АНУ-ын Зэвсэгт хүчний аюулгүй байдлын агентлагийг оронд АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны харьяанд байгуулагдсан. Цэргийн болон иргэний боловсон хүчний тоо, төсвийн хэмжээний хувьд АНУ-ын хамгийн том тагнуулын байгууллага юм.

Ерөнхий мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлагийн эрхэм зорилго нь АНУ-ын засгийн газарт радио электроны тагнуулын үйл ажиллагаа явуулж АНУ-ын засгийн газрын мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Радио электроны тагнуул нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй террорист бүлэглэл, байгууллага, гадаад гүрнүүд болон тэдгээрийн төлөөлөгчдийн төлөвлөгөө, зорилго, чадвар, байршлын талаарх мэдээллийг олж авах үүрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдал нь АНУ-ын амин чухал систем, АНУ-ын харилцаа холбооны сүлжээ, мэдээллийг дайснууд хулгайлах, гэмтээхээс хамгаалж, АНУ-ын төрийн байгууллагуудад шаардлагатай мэдээллийн хүртээмж, үнэн зөв байдлыг хангах ёстой. Мөн радио болон мэдээллийн аюулгүй байдал нь хамтдаа АНУ-ын кибер командлал, хамгаалалтын түншүүдийн компьютерийн сүлжээнд тагнуулын үйл ажиллагаа явуулах гурав дахь функцэд зайлшгүй шаардлагатай.

Агентлагийн ажилтнууд нь Арми, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн явган цэргийн корпус, Эргийн хамгаалалтын албаны ажилтан, цэргийн албан хаагчдаас бүрддэг байна. Үүнд:-Математикч, барилгын инженер, цахилгааны инженер, тагнуулын шинжээч, хэлний шинжээч, физикч, мэдээллийн технологийн мэргэжилтэн, судлаач, дотоод аюулгүй байдлын ажилтан, төсвийн шинжээч, гэрээт мэргэжилтэн, санхүүгийн менежер зэрэг өргөн хүрээний мэргэжилтнүүдийг байдаг ажээ.

Тус агентлагийн ажилчдын тоо, жилийн төсөв зэрэг нь АНУ-ын нууцад хамаардаг байна. Тооцоолол нь янз бүр байна: төв оффис дахь ажилчдын тоог 20,000-38,000 гэж үздэг; Үүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ-ын цэргийн баазуудад ойролцоогоор 100,000 цахим дайны мэргэжилтэн, криптографууд ажилладаг. Төрөл бүрийн, өргөн хүрээтэй өөр өөр тооцоогоор, Агентлагийн төсөв нь 3.5 тэрбумаас 13 тэрбум долларын хооронд хэлбэлздэг нь түүнийг дэлхийн хамгийн сайн санхүүждэг тагнуулын агентлагуудын нэг болгодог юм.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлагийн нэг эрхэм зорилго нь АНУ-ын нууц мэдээллийг АНУ-ын дайснуудаас хамгаалах явдал тул Агентлагийн ажилтан бүр АНУ-ын иргэн байх ёстой бөгөөд маш нууц мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Америкийн компаниуд тус Агентлхгтай сайн дураараа гэрээ байгуулж, тусламж авч болно. Энэ нь эдгээр компаниудын мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх болон бусад аюулаас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм.

Төв байр

Агентлагийн мэргэжилтнүүдийг АНУ-ын Үндэсний криптографийн сургуульд бэлтгэдэг байна. Энэхүү боловсролын байгууллага нь зөвхөн тус Агентлагт төдийгүй АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны бусад хэд хэдэн нэгжүүдэд боловсон хүчин бэлтгэдэг юм. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлаг ажилтнуудаа АНУ-ын тэргүүлэх коллеж, их дээд сургууль, мөн Батлан ​​хамгаалах яамны дайны коллежид сургах явдлыг санхүүжүүлдэг байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлагийн Төв байр нь Мэрилэнд муж дахь Форт-Мид (англи. Fort Meade, Fort George Gordon Meade) цэргийн баазад байралдаг. Эзэлдэг газар нутгийн хэмжээ нь — 263 га. Форт-Мид өөрийн тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулах бүх боломжийг бүрдүүлсэн байдаг. Өөрийн цахилгаан станц, телевизийн суваг, цагдаа, номын сан, кафе, бар болон сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн салбарын объектууд байдаг. Тус цогцолборын хоёр шилэн барилга нь 1984, 1986 онд баригдсан бөгөөд дайсны цахим тагнуулын эсрэг хамгаалалтын системээр тоноглогдсон байдаг. Гол барилга нь 9 давхар өндөртэй.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Агентлагийн захирал болон дэд захирлыг АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвшөөрсөнөөр АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд томилдог байна. Захирлын албан тушаалыг зөвхөн дэслэгч генерал, дэд адмирал цолтой цэргийн албан хаагчид л хашиж болно. Радио электроны тагнуулын үйл ажиллагаа тасралтгүй байх байдлыг хангахын тулд Радио-электроны иргэний шинжээчийг дэд захирлаар томилдог бөгөөд Агентлагийн захирал АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайдад шууд тайлагнадаг байна.

  • 1952 — 1956 онд — дэслэгч генерал Ральф Канин
  • 1956 — 1960 онд — дэслэгч генерал Жон Сэмфорд
  • 1960 — 1962 онд — дэд адмирал Лоуренс Фрост
  • 1962 — 1965 онд — дэслэгч генерал ВВС Гордон Блейк
  • 1965 — 1969 онд — дэслэгч генерал Маршалл Картер
  • 1969 — 1972 онд — дэд адмирал Ноэль Гейлер
  • 1972 — 1973 онд — дэслэгч генерал Сэмүэл Филлипс
  • 1973 — 1977 года —дэслэгч генерал Лью Аллен
  • 1977 — 1981 онд — дэд адмирал Бобби Инмэн
  • 1981 — 1985 онд — дэслэгч генерал Линкольн Фаурер
  • 1985 — 1988 онд — дэслэгч генерал Уильям Одом
  • 1988 — 1992 онд — дэд адмирал Уильям Стадмен
  • 1992 — 1996 онд — дэд адмирал Жон Мак-Коннел
  • 1996 — 1999 онд — дэслэгч генерал Кеннет Минихэн
  • 1999 — 2005 онд — дэслэгч генерал ВВС Майкл Хайден
  • 2005 — 2014 онд — дэслэгч генерал Кит Александер
  • 2014 — 2018 онд — адмирал Майкл Рожерс
  • 2018 оноос хойш — генерал Пол Мики Накасонэ