Jump to content

Австралийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Австралийн музей (англи. Australian Museum) - Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотын, Уиллиам гудамж 1-д байрлах, өвийн жагсаалтад багтсан музей юм. Тус музейг анх үүсэн байгуулагдахад Колонийн музей эсвэл Сидней музей (англи. the Colonial Museum or Sydney Museum) гэдэг байсан. Энэ нь Австралийн хамгийн ууган байгалийн түүхийн музей бөгөөд байгалийн түүх, антропологи буюу угсаатан судлалын чиглэлээр олон улсад нэр хүндтэй дэлхийн тав дахь хамгийн эртний байгалийн түүхийн музей юм.

Тус музей нь орчин үеийн Европын загварын дагуу зохион бүтээгдсэн анхны соёл, байгалийн түүхийн музей бөгөөд сээр нуруутан, сээр нуруугүй амьтдын амьтан судлалын цуглуулга, түүнчлэн минералоги, палеонтологи, антропологийн цуглуулгатай. Уг музей 1860-аад онд эрдэмтэн Жерард Креффт (англи. Johann Ludwig (Louis) Gerard Krefft, 1830–1881)-ийн удирдлага дор шинжлэх ухааны статустай болсон байна.

Өнөөдөр Сидней хот дахь Австралийн музейд антропологи, амьтан судлал, палеонтологи, минералоги, нумизматикийн тэнхимүүдэд хуваагдсан 18 сая гаруй соёл, шинжлэх ухааны үзмэр хадгалагдаж байна. Үзэсгэлэнгийн олонх хэсэг нь хүүхдүүдэд зориулагдсан тул гарт хүрч, үйл ажиллагаандаа туршиж үзэх боломжтой ажээ.

Эндээс Полинез, Микронез, Папуа Шинэ Гвиней, Вануату, Соломоны арлууд, Ази, Африк, Америкийн оршин суугчид, Австрали, Торресийн хоолой зэрэг нутгийн уугуул овог аймгуудын соёлын дурсгалын цуглуулгуудыг сонирхож болно.

Музей нь байгаль хамгаалах, биологийн олон янз байдал, гаргуудын хувьсал, гео олон янз байдал гэх мэт чиглэлээр үзэсгэлэн, олон нийтийн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, шинжлэх ухааны судалгаа хийж, судалгааны төвүүдийг ажиллуулдаг.

Австралийн музейн албан ёсны цахим хуудас: https://australian.museum/