Австралийн Үндэсний Их Сургууль

Австралийн Үндэсний их сургууль үдийн цайны үеэр.

Австралийн Үндэсний Их сургууль (Англи: The Australian National University, ANU) нь Австралийн нийслэл Канберра хотод байрладаг улсын их сургууль юм. 1946 оны 8-р сарын 1-нд үүсгэн байгуулагдаад судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1960 онд Канберрагийн их сургуулийн коллежтэй нэгдсэн байна.

Австралийн Үндэсний Их сургууль нь Австралийн нэр хүндтэй тэргүүлэгч их сургуулиудын нэг бөгөөд Австралийн тэргүүлэгч төрийн найман их сургуулийн нэгдэл болох "8-ийн бүлэг"-ийн (англи. Group of Eight, Go8) нэг юм. 2017 оны байдлаар тус сургуульд 25 мянга гаруй оюутан суралцаж байсан.

Нөлөө бүхий АНУ-ын «U.S. News & World Report» хэвлэлийн мэдээлж буйгаар 2018 оны хичээлийн жилд тус их сургууль дэлхийн чансааны 59-р байр, Австралийн их сургуулиудын дунд 4-р байранд орж байжээ.

Тус их сургууль нь урлаг, нийгмийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдээрээ алдартай бөгөөд улс төр, олон улсын харилцаа, нийгмийн бодлого, газарзүй зэрэг хэд хэдэн чиглэлээр дэлхийн шилдэгүүдийн нэг гэж үздэг юм.

АҮИС-ийн хэвлэлийн компаний Лого

АҮИС-ийн багш, төгсөгчдийн дунд 6 Нобелийн шагналтан, Родсын (The Rhodes Scholarship) тэтгэлэгт 49 эрдэмтэн байдаг байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Австралийн Үндэсний Их сургуулийг Ерөнхий сайд Бен Чифли болон Дайны дараах сэргээн босголтын сайд Жон Дидман нарын Холбооны парламентад өргөн мэдүүлсэн хууль тогтоомжоор байгуулжээ. Энэ хуулийг 1946 оны наймдугаар сарын 1-нд сөрөг хүчний удирдагч Роберт Мензисийн дэмжлэгтэйгээр баталжээ. Австралийн Үндэсний их сургууль нь Холбооны хуулийн дагуу байгуулагдсан Австрали дахь цорын ганц их сургууль юм.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Австралийн Үндэсний Их сургуульд 7 коллеж, Ахисан түвшний судалгааны хүрээлэн багтдаг. Коллеж нь бакалавр, магистр бэлтгэх, судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Ахисан түвшний судалгааны хүрээлэн нь зөвхөн судалгаа, магистрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 9 судалгааны сургууль, судалгааны төвөөс бүрддэг.

Коллежууд:

  • Урлаг нийгмийн ухааны Коллеж
  • Ази Номхон далайн бүсийн Коллеж
  • Бизнес, эдийн засгийн Коллеж
  • Инженерийн болон компьютерын ухааны Коллеж
  • Эрх зүйн Коллеж
  • Анагаах ухаан, биологи болон хүрээлэн буй орчны Коллеж
  • Физик, математикийн ухааны Коллеж

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]