Австрали дахь польшууд

Австрали дахь польшууд (англи. Polish Australians)- Польшийн бүрэн буюу хэсэгчилсэн угсаа гаралтай Австралийн иргэнийг хэлнэ.
2021 онд Австралийн 45,884 оршин суугч Польшид төрсөн гэж мэдүүлсэн байдаг. Польшууд хамгийн ихээр суурьшсан Австралийн мужууд нь Викториа (14,202), Шинэ Өмнөд Уэльс (13,830), Квийнслэнд (5,740) байв. Польш улсад төрсөн Австралийн оршин суугчдын дийлэнх нь Австралийн иргэд (86.9%), Ромын Католик шашинтнууд (66.8%) бөгөөд гэртээ Польш хэл хэрэглэдэг (70.4%) байв. Тэдний 77 % орчим нь 2000 оноос өмнө Австралид цагаачилж ирсэн ажээ.
Австралид ирсэн анхны Польш хүн бол 1803 онд Их Британи, Ирландын Нэгдсэн Вант Улсаас ялтан болж илгээгдсэн Юзеф Потаски байжээ.
Алдарт Польш хүн Пол Эдмунд Стрелецки 1839 оны 4-р сарын 25-нд Сиднейд ирж байжээ. Шинэ Өмнөд Уэльсийн захирагч Сэр Жорж Гиппсийн хүсэлтээр Стрелецки одоогийн Викториа мужийн зүүн хэсэгт орших Гиппслэнд бүс нутагт геологи, минералогийн судалгаа хийж, 1839 онд алт зэрэг олон нээлт хийжээ. Тэр жил Стрелецки багийнхантайгаа хамт Сиднейгээс Австралийн Альпийн нуруу руу экспедицээр гарчээ. 1840 онд тэрээр Австралийн эх газрын хамгийн өндөр оргилд авирч байсан бөгөөд энэ уулыг тэрээр Косцюшко уул гэж нэрлэжээ.