Австрали доллар
Австрали доллар (тэмдэг: $; код: AUD) -Австрали Улсын Холбооны мөнгөн тэмдэгт. Мөн Зул сарын арлууд, Кокос, Норфолкийн арлууд, Номхон далайн тусгаар тогтносон Кирибати, Науру, Тувалу зэрэг улсуудад тус мөнгөн тэмдэгт гүйлгээнд байдаг ажээ.
1 австрали доллар 100 центэд хуваагддаг. Гол төлөв ($) гэж тэмдэглэдэг бөгөөд A$, $A, AU$ болон $AU гэх нь мөн байдаг байна.
Австрали доллар нь дэлхийн хамгийн их арилжаалагддаг 6 дахь валют (ам.доллар, евро, иен, фунт стерлинг, швейцарь франкийн дараа) бөгөөд дэлхийн дээрх нийт валютын гүйлгээний 5%-ийг бүрдүүлдэг байна.
Австрали улсын баримталдаг өндөр хүү, Засгийн газрын хөндлөнгийн оролцоо багатай валютын зах зээл, Австралийн эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал зэргээс Валют арилжаачдын дунд Австрали доллар нэр хүндтэй байдаг ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Австралийн мөнгөн тэмдэгтийн түүх нь 1788 оны 1-р сарын 26-нд Австралид Европчууд суурьшиж эхэлэлж төлбөр тооцоо хийснээс эхтэй. Тухайн үед Австралийн Шинэ Өмнөд Уэльс нь Британийн колони байсан тул англи мөнгөн тэмдэгт албан ёсны гүйлгээнд байсан. Австралийн үндэсний мөнгөн тэмдэгтийг 1910 онд Австралийн фунт гэж бий болсон байна.
1966 оны 2-р сарын 14-нд Австрали долларыг зах зээлд Австрали фунтын оронд нэвтрүүлсэн. Ингэхдээ 1 Австрали фунт = 2 Австрали долларын харьцаатай сольсон байдаг юм.
Үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулах ажлыг 1960 онд Австралийн Нөөцийн банк санаачилсан байдаг юм. Удаан хугацааны турш тус улсад шинэ мөнгөн дэвсгэртийн загварыг боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байсан. Энэ хугацаанд мөнгөн тэмдэгтийн нэрийн талаар олон арван санал гарч байжээ. 1965 онд Австралийн Ерөнхий сайд Роберт Мензис «the royal» буюу "хааны" гэдэг нэрийг санал болгосон ч хүн амын дунд дэмжлэг аваагүй тул валютыг энгийнээр "австрали доллар" гэж нэрлэсэн түүхтэй.
Худалдаачдын хэллэгээр австрали долларыг "oззи" (aussie) гэж нэрлэдэг байна.
Зоосон мөнгө
[засварлах | кодоор засварлах]1966 онд 1, 2, 5, 10, 20, 50 центийн зоосон мөнгө худалдаанд гаргаж эргэлтэнд оруулсан байна. Нэг долларын зоосыг 1984 онд, хоёр долларын зоосыг 1988 онд гаргасан. Дараа нь 1 ба 2 центийн зоосыг 1991 онд, 1 долларын зоосыг 1984 онд, 2 долларын зоосон мөнгийг 1988 онд гаргаж байжээ.
Бүх зоосон австрали долларын ар талд II Елизабет хааны дүрсийг байрлуулдаг бөгөөд Австрали улсын Хааны зоосон мөнгөний үйлдвэрт (англ. Royal Australian Mint) хийдэг байна.
Австрали улс 50 центийн дурсгалын зоосыг тогтмол гаргадаг. Эхнийх нь 1970 онд Жеймс Күүк Австрали тивийн зүүн эрэгт хийсэн хайгуулын дурсгалд зориулан гаргасан. Үүний дараа 1977 онд II Елизаветагийн ойд зориулсан зоос, 1981 онд хунтайж Чарльз, Диана гүнж хоёрын хуриманд зориулсан зоос, 1982 онд Брисбэнд болсон Хамтын нөхөрлөлийн наадамд зориулсан зоос гэх мэтээр гаргаж байжээ.
Цаасан дэвсгэрт
[засварлах | кодоор засварлах]Австрали долларын анхны цаасан дэвсгэртийг 1966 онд хэвлэн гаргаж байжээ. 1, 2, 10, 20 долларын дэвсгэртүүд нь хуучин Австралийн фунттай тэнцэх мөнгө байв. Таван долларын дэвсгэртийг 1967 онд гаргасан.
1 долларын цаасан дэвсгэртийг 1984 онд зоосон мөнгөөр сольсон бол 1988 онд 2 долларын дэвсгэртийг сольжээ. 50 долларын дэвсгэртийг 1973 онд, 100 долларын дэвсгэртийг 1984 онд эргэлтэнд оруулсан байна. Австралийн бүх мөнгөн дэвсгэртийн өргөн нь ижил байдаг боловч урт нь өөр өөр байдаг байна.
1988 оноос эхлэн мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхэд цаас биш, удаан эдэлгээтэй тусгай нимгэн хуванцар ашиглаж байна.
2014 онд Австралийн Нөөцийн банк шинэ үеийн мөнгөн дэвсгэрт гаргах болсноо зарласан. Шинэ үеийн мөнгөн дэвсгэртүүд нь нэмэлт нууц хамгаалалттай байхаас гадна хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдрэгдэхүйц товгор хээтэй байдаг ажээ.