Ажиглалт, бичиглэлийн цэгүүдийг сонгох
Ажиглалтын талбайн ерөнхий зураг авах, ургамлын бичиглэл хийх, бүрхэц тодорхойлох судалгааг хийх цэгийн тоог судалгааны талбайн хэмжээнээс хамааран тогтооно. Тогтоосон цэг дээр 25 м2 талбайг сонгон ургамлын зүйлийг бүртгэх, ургамлан нөмрөгийн төлөвийг тодорхойлох ажиглалт хийж бичиглэх ба түүнийг ажиглалтын талбар гэнэ.
Ажиглалтын талбар дотор 1м2-ийн 5 тор ашиглан тус бүр 1м2 талбай бүхий сорьцын таван талбайд байршуулна. Сорьцын талбайгаас ургацын хэмжилт хийнэ.
Судалгаа хийх цэгийн тоог:
• Нэгдүгээрт судалгааны талбайн хэмжээнээс хамааруулан
• Хоёрдугаарт ургамлан нөмрөгийн хэв шинж, экосистемийн өөрчлөлтөөс шалтгаалан сонгоно.
Судалгааны талбай нь нэг талаас том, нөгөө талаас бэлчээрийн хэв шинж өөрчлөгдөх, өөр төрлийн экосистемд шилжих нөхцөлтэй бол талбайд хамаарах хэв шинж, экосистемийн төрөл бүр дээр ажиглалт, хэмжилтийг хийх шаардлагатай болох бөгөөд хээрийн судалгаагаар хийсэн бүх ажилбарыг бичиглэл, тэмдэглэл, фото зураг, байршлын солбицлоор баталгаажуулна.