Jump to content

Александр Абдулов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1988

Александр Абдулов (орос. Алекса́ндр Гаврии́лович Абду́лов, 1953 оны 5-р сарын 29-нд ЗХУ-ын Тюмень тойргийн Тобольск хотод төрж, 2008 оны 1-р сарын 3-нд Оросын Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн болон Оросын тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин, кино найруулагч, кино зохиолч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч. 1991 онд Зөвлөлт Оросын Ардын жүжигчин цол хүртсэн.

Эцэг нь Гавриил Данилович Абдулов, театрын зүтгэлтэн, найруулагч, эх нь Людмила Александровна Абдулова (төрөхдөө Крайнова), театрын нүүр будагч, хувцас сонгогч байсан. 1956 оноос 1969 оны хооронд Зөвлөлт Узбекистаны Фергана хотод амьдарч айсан.

Сургуульд байхдаа спортоор хичээллэж, туяалжуур сэлэм спортын ЗХУ-ын спортын мастерын нэр дэвшигч цолыг хүртэж байжээ.

Оршуулгын газар

Тэрээр дунд сургуулиа төгсөөд эцгийнхээ шаардлагын дагуу Щепкиний нэрэмжит театрын сургуульд орохыг оролдсон боловч амжилтад хүрсэнгүй. Москвагаас буцаж ирээд Фергана улсын сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн биеийн тамирын ангид элсэн орсон. Үүний зэрэгцээ тэрээр эцгийнхээ театрт тайзны ажилчин хийж байсан. Жилийн дараа Москвагийн Улсын Театрын урлагийн дээд сургуульд Иосиф Раевскийн курст оржээ.

1975 онд (зарим эх сурвалжийн мэдээлснээр, 1974 онд) Москвагийн Лениний Комсомол Театрын (Ленком) ерөнхий найруулагч Марк Захаров Александр Абдуловыг төгсөлтийн тоглолтод үзүүлсэн дүрийг нь тэмдэглэж, театрт урьсан байна.

1970-аад оны эхээр Абдулов кинонд тоглож эхэлсэн бөгөөд тэрээр оюутан байхдаа 1973 онд Михаил Пташукийн кинонд усан цэрэг Козловын дүрд тоглож, анхны дебютээ хийжээ.

1974 онд тэрээр "Вера ба Федор" богино хэмжээний кинонд (найруулагч Виталий Гоннов) анхны гол дүрээ бүтээжээ. Тэрээр нийтдээ 112 кинонд тоглосон.

Тэрээр Марк Захаровын найруулсан, Евгений Шварцын ижил нэртэй жүжгээс сэдэвлэсэн "Ердийн гайхамшиг" (орос. Обыкновенное чудо, 1978) телевизийн кинонд Баавгайн дүр бүтээсний дараа олонд танигдсан. Түүний дараагийн амжилттай дүр нь Александр Володины жүжгээс сэдэвлэсэн Павел Арсеновын "Хайртай хүмүүсээсээ бүү сал" (орос. С любимыми не расставайтесь, 1979) мелодрама байв. Абдулов гол эрэгтэй дүр болох Митя, эхнэр Ирина Алфёрова эмэгтэй гол дүрд тоглосон.