Александр Ван дер Беллен

Александр Ван дер Беллен (герман. Alexander Van der Bellen; 1944 оны 1-р сарын 18-нд Вена хотод төрсөн) — австрийн улс төрийн зүтгэлтэн бөгөөд эдийн засагч. 1997-2008 онд Австрийн Ногоон намын удирдагч (Die Grünen — Die Grüne Alternative) байсан. 2016 оны 12-р сарын 4-нд Австри улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод 2017 оны 1-р сарын 26-нд албан тушаалдаа орсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг эх нь Орост германиас цагаачилсан очсон голланд хүмүүсийн удам байжээ. Өвөг эцэг нь сүүлд Оросоос нүүж Эстонид амьдарч байгаад 1940 онд Эстони ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа түүний эцэг эх нар Герман руу буцан нүүжээ. Вюрцбургийн ойролцоох дүрвэгсдийн хуаранд хэсэг хугацаанд оршин суусны дараа гэр бүл нь Вена руу нүүжээ. Улмаар Александр Ван дер Беллен 1944 онд Вена хотод төрсөн. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд Венад ойртоход гэр бүл нь Зөвлөлтийн эрх баригчдын хэлмэгдүүлэлтээс эмээж Австрийн баруун хэсэг рүү нүүсэн байна. Ван дер Беллен дүрвэгсдийн гэр бүлээс гаралтай гэдгээ нэг бус удаа онцолж байсан. Түүний гэр бүл нь Эстони иргэншилтэй байсан бөгөөд сүүлд 1958 онд Австри иргэншил авчээ.
1962 онд Александр Ван дер Беллен Инсбрук дахь дунд сургууль төгссөн. 1970 онд Инсбрукийн их сургуульд сурч эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр 1968-1971 онд Инсбрукийн их сургууль, 1972-1974 онд Баруун Берлиний Удирдлага, удирдлагын дээд сургуульд багшилж, 1975 онд шинжлэх ухааны эрдмийн зэрэг хамгаалж 1976 онд Инсбрукийн их сургуулийн профессор болжээ. 1977 онд тэрээр Вена руу нүүж 1980 он хүртэл Удирдлагын академид багшилж, Венийн их сургуулийн эдийн засгийн профессор болсон. 1990-1994 онд Эдийн засгийн факультетийн декан, деканы орлогчоор ажиллаж байсан.
Түүний судалгааны чиглэл нь төрийн салбарын төлөвлөлт, санхүүгийн бодлого, дэд бүтцийн санхүүгийн бодлого, татвар, төсвийн зарлага, төрийн зохицуулалт, төрийн аж ахуйн нэгж, байгаль орчны бодлого, тээвэр зэрэг юм.
Улс төрд
[засварлах | кодоор засварлах]1992 он хүртэл Александр Ван дер Беллен Австрийн Социал Демократ Намын (SPÖ) гишүүн байсан. 1994 онд Ногоон намаас Австрийн Үндэсний зөвлөлд (парламентын доод танхим) сонгогдсон. 1997 онд Ногоон намын дарга, 1999 онд парламент дахь бүлгийн дарга ("клуб") болсон. Түүний удирдлаган дор Ногоон нам анх удаа парламентын сонгуульд нийт сонгогчдын 10 гаруй хувийн санал авчээ: 1999 онд 7,4% (Үндэсний зөвлөлд 14 суудал), 2002 онд 9,5% (17 суудал), 2006 онд 11% (21 суудал) 2008 оны сонгуульд тус нам 10 хувийн санал авч Ван дер Беллен намын дарга, бүлгийн даргын албан тушаалаасаа огцорсон. 2012-2015 онд тэрээр Вена хотын Ландтаг (мужийн парламент), Хотын зөвлөлийн (Гемейндерат) гишүүн байсан.
Санал асуулгаар Ван дер Беллений хувийн үзүүлэлт намынхаас хамаагүй илүү өндөр байсан. Тэрээр маш нэр цэвэр шударга, өргөн мэдлэгтэй улстөрч гэдгээрээ алдартай.
2016 оны 12-р сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ширүүн өрнөсний эцэст Ван дер Беллен 53,69 хувийн санал авч ялалт байгуулав. Тэрээр 2017 оны 1-р сарын 26-нд Австри улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон.
2022 оны 5-р сарын 22-нд Александр Ван дер Беллен дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд 2022 оны 10-р сарын 9-нд сонгууль болж Александр Ван дер Беллен шууд эхний шатанд ялалт байгуулсан.
Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 5-р сарын 25-26 -ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилсан.