Jump to content

Александр Гинзбург

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Гинзбург, 1980 он

Александр Гинзбург (орос. Алекса́ндр Ильи́ч Ги́нзбург, 1936 оны 11-р сарын 21-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн — 2002 оны 7-р сарын 19-нд Парис хотод нас барсан) — сэтгүүлч, хэвлэгч, ЗХУ дахь тэрс үзэлтнүүдийн хөдөлгөөний гишүүн. Москвагийн Хельсинкийн бүлгийн гишүүн.

Тэрээр 1979-1990 онд "Синтаксис" Самидат буюу нууцаар өөрөө хэвлэлийн анхны цуглуулгуудын нэгийг эмхэтгэгч, "Континент" сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн байсан.

Тэрээр 1936 оны 11-р сарын 21-нд Москва хотод төрсөн. Түүний эцэг архитектор Сергей Чижов 1936 онд зохиомол хэргээр баривчлагдаж, Александрыг хоёр сартай байхад буюу 1937 оны эхээр мөрдөн байцаалтын явцад цагдан хоригдож байгаад нас баржээ. Түүний эцгийн талын өвөг эцэг археологич 1918 онд Улаан террорын үеэр Москвад нас баржээ. Түүний эмэг эх 1920-иод оны сүүлээр Лубянка шоронд 2 жил орчим хоригдсон. Түүний эх Людмила Ильинична Гинзбург залуудаа архитекторч байсан бөгөөд дараа нь үйлдвэрийн эдийн засагчаар ажиллаж байгаад сүүлд 1981 онд Парист цөллөгт байхдаа нас барсан.

Тэрээр Москвагийн хөвгүүдийн 12-р сургуульд сурч, театрт дуртай байсан. Сургуулиа төгсөөд Новосибирскийн залуучуудын театрт жүжигчин, найруулагчаар ажиллахаар явсан.

1956 онд Александр Гинзбург сэтгүүл зүйг сонирхож, Москвагийн Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн ангид элсэн орж, "Московский комсомолец" сонинд ажиллаж байхдаа эчнээгээр суралцжээ. Тэрээр хэзээ ч Зөвлөлтийн суртал ухуулга, үзэл суртлын сэдвээр нийтлэл бичээгүй гэж дурсаж байжээ.

1959-1960 онд тэрээр олон жилийн мөрөөдлөө биелүүлж, найз нөхөд, танилууддаа "Синтакс" хэмээх самиздатын яруу найргийн цомгийг эмхэтгэж, тараажээ. Цомогт Генрих Сапгир, Игорь Холин, Сергей Чудаков, Николай Глазков, Александр Аронов, Булат Окуджава, Белла Ахмадулина нарын хэвлэгдээгүй шүлгүүд, Иосиф Бродский болон бусад яруу найрагчдын шүлгүүд анх удаа хэвлэгдсэн байна. Уг цомгийн дугаар бүрд 10 зохиолч тус бүр таван шүлэг оруулсан байна. Гэсэн хэдий ч яруу найрагчид сэтгүүлд илүү их бүтээл ирүүлсэн байдаг. "Синтакс"-ийн нийт 3 дугаар хэвлэгдсэн бөгөөд Гинзбург хэвлэгдээгүй их хэмжээний яруу найргийг цуглуулсан байна.

1960-1979 оны хооронд тэрээр 3 удаа "баримт бичиг хуурамчаар үйлдсэн, Зөвлөлтийн эсрэг суртал ухуулга хийсэн" зэргээр хоригдож байжээ.

1979 онд Зөвлөлт, АНУ-ын хооронд удаан үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд түүнийг болон 4 улс төрийн хоригдлыг АНУ-д Зөвлөлтийн талд тагнуул хийсэн 2 хүнээр сольжээ.

Александр Гинзбург гадаадад гараад эхлээд АНУ-д, дараа нь Францад амьдарч байжээ. Тэрээр эхнэр Арина Жолковская-Гинзбург (1937–2021) болон хоёр хүүхдийн хамт Парист амьдарч байсан. Тэрээр Монгерон дахь Оросын соёлын төвийг удирдаж, дараа нь 1980-аад оны дунд үеэс 1997 оны 10-р сар хүртэл "Русская мысль" сонинд тоймчоор ажилласан байна.

Тэрээр 2002 оны 7-р сарын 19-нд Парис хотод 66 насандаа таалал төгссөн байна.