Jump to content

Александр Игумнов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Александр Игумнов (орос. Алекса́ндр Васи́льевич Игу́мнов, 1761 онд төрж, 1834 оны 10-р сарын 24-нд Эрхүү хотод нас барсан) — Оросын эзэнт улсын төрийн албан хаагч, орчуулагч, монгол хэл мэддэг дорно судлаач зохиолч.

Гадаад Монголтой хиллэдэг Хиагтын Кударин тосгонд төрсөн. Түүний эцэг төрийн албан хаагч байсан бөгөөд Хиагт, Бээжин, Өвөрбайгалын хязгаарт алба хааж байжээ.

1771-1777 онуудад тэрээр Сэлэнгинск дэх Сэлэнгийн хилийн албаны орчуулагч нарын сургуульд суралцсан. Хиагтын хилийн конторт орчуулагчаар ажиллаж байгаад 1781, 1782 онуудад Оросын сүм хийдийн төлөөлөгчдийг дагалдаж Бээжинд очиж байжээ. Номлолын дараа тэрээр Москвад нэрт худалдаачин Никита Демидовын гэрт амьдарч байсан ажээ. 1791 онд тэрээр Эрхүү рүү нүүжээ. Тэрээр Хятадтай хилийн зөрчилдөөний асуудалд оролцож зохицуулж чадсан бөгөөд үүний төлөө төрийн албан тушаал дэвшиж байсан юм.

Шулуун шударга зангаасаа болж албан тушаал ахидаггүй байсан тул олон удаа ажлаа өөрчлөх шаардлагатай байсан гэдэг. 1793-1795 онд Нерчүү хотын доод шүүхийн хэлтэст, 1795-1798 онд Эрхүү хотын доод шүүхэд алба хааж байжээ. Тэрээр нутгийн хүн амын ёс заншил, уламжлалыг сайн мэддэг байсан. 1797 онд тэрээр Эрхүү мужид хуримтлагдсан их өрийн талаас илүү хувийг буцааж цуглуулж чадсан. 1798 онд Эрхүүгийн нэхмэлийн үйлдвэрт зориулж буриадуудаас ноос авах ажлыг зохион байгуулж байжээ. 1799-1804 онд Байгал нуурын цаадах суурин газруудыг удирдаж байжээ.

1805 онд гүн Юрий Головкины тэргүүлсэн дипломат Элчин сайдын яамны бүрэлдэхүүнд багтаж байсан.

1809 онд тэрээр тэтгэвэрт суугаад Дээд-Үд хотод суурьшиж буриад хүүхдүүдийг сургах ажил эрхэлдэг байв. 1819 онд Александр Игумнов Дээд-Үдийн мөрдөн байцаах комиссын гишүүнээр томилогдож, 1822 онд хотын шүүхийн шүүгч болжээ.

Тэрээр дараа нь Эрхүү рүү нүүж Дорнод Сибирийн генерал-губернаторын буриад, монголчуудтай зөрчилдөөнтэй байдлыг шийдвэрлэх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон байна. Эрхүү хотод мөн орчуулагчаар ажиллаж, монгол хэлний толь бичиг зохиож, гар бичмэлийг нь Эрхүүгийн гимназид гэрээслэн үлдээсэн. Библийн Ариун судар номуудыг мөн монгол хэлнээ орчуулсан байна.

Александр Игумнов Эрхүү хотод монгол хэлний сургууль, дараа нь Эрхүүгийн теологийн /шаашны/ семинарт монгол хэлний анги нээн байгуулжээ. Тэрээр Эрхүүгийн семинарт монгол хэлийг үнэ төлбөргүй заадаг байсан юм. Орост анх удаа "Монгол-Орос хэлний их толь бичиг"-ийг эмхтгэсэн хүн. Тэрээр Зүүн Сибирийн амбан захирагчийн орчуулагчаар ажиллаж байжээ. Казанийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н.Мусин-Пушкин түүнээс Юзеф Ковалевскид монгол хэл заахыг хүссэн байна. Улмаар А.Игумнов нь Юзеф Ковалевскийг Өвөрбайгалын нутгаар аялахад дагалдан явж байсан ажээ.

Тэрээр монгол хэл маш сайн мэддэг байсан бөгөөд олон хүн түүний мэдлэгийг өөрийн зохиол, бүтээлийн ажилдаа ашигладаг байсан. Тэрээр монголчуудын тухай, буддын шашин гэх мэт олон гар бичмэл үлдээжээ.

Александр Игумнов өөрийн цуглуулсан номын сангаа гүн Павел Шиллинд зарсан байна.

Түүнийг 1834 оны хавар нас барахад Эрхүү хот дахь Иерусалимын оршуулгын газар нутаглуулжээ.