Jump to content

Александр Сырский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Александр Сырский (укр. Олександр Станіславович Сирський, 1965 оны 7-р сарын 26-нд ЗХУ-ын Владмир мужийн Новинки тосгонд төрсөн) — Украины цэргийн зүтгэлтэн, хурандаа генерал (2024), Украины баатар (2022). Украины Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч (2019-2024), 2024 оны 2-р сарын 8-наас Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч.

Александр Сырский 1965 онд Зөвлөлт Оросын Владмир мужийн тосгонд цэргийн хүний гэрт төрсөн бөгөөд 1980-аад оноос хойш Украинд амьдарч байна. Тэрээр эцгийнхээ алба хааж байсан Харьков хотод дунд сургуулиа төгссөн.

Тэрээр 1982-1986 онд Москвагийн Зэвсэгт хүчний дээд командын сургуулийг дүүргэж, 1986 онд өнөөгийн Украины нутагт мотобуудлагын анги командлагчаар ажиллаж эхэлсэн.

1993 оноос хойш тэрээр Чугуев дахь Украины Үндэсний гвардийн 6-р дивизийн мотобуудлагын батальоныг удирдаж, дараа нь тус дивизийн командлагчаар ажиллаж байжээ. 1996 онд Украины Зэвсэгт хүчний академийг (үйл ажиллагааны-тактикийн), 2005 онд Украины Үндэсний батлан ​​хамгаалах академийг (үйл ажиллагааны-стратегийн түвшин) алтан медальтай төгссөн байна.

2022 оны 3-р сард Киев хотын хамгаалтын үеэр.

2000-аад оны эхээр тэрээр Била Церква хотод байрладаг 72-р салангид механикжсан бригадын командлагч болж хошууч генерал цол хүртжээ.

2007 онд Украины Зэвсэгт хүчний Нэгдсэн командлалын штабын дарга, нэгдүгээр орлогч командлагчаар томилогдсон.

2011-2012 онд Украины Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хамтын ажиллагаа, энхийг сахиулах ажиллагааны ерөнхий газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. 2013 онд Брюссельд НАТО-гийн сургалтанд суусан.

2014 оны эхээр Украины Зэвсэгт хүчний командлалын үндсэн төвийн нэгдүгээр орлогч даргаар томилогдсон. Тэрээр НАТО-той хамтран ажиллах үүрэг хүлээж байв.

Украины зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр Терроризмын эсрэг ажиллагааны штабын даргаар томилогдсон. 2015 оны эхээр тэрээр Донецк, Луганск муж дахь терроризмын эсрэг ажиллагааны штабын дарга, нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. Тэрээр Дебальцеве, Вухлехирск, Лохвиново, Ридкодубын төлөөх тулалдаанд оролцсон. Тулалдааны үеэр тэрээр Украины Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Виктор Муженкогийн хамт Дебальцев хотод байлцаж байжээ. Дебальцевын ажиллагааны үеэр С секторын захирагчаар ажиллаж, сумангийн цувааны аюулгүй байдлыг хангасан “Барс” тактикийн бүлгийг удирдаж байв. Дебальцево нутгийг оросуудад алдсаны дараа тэрээр хотоос ухрах ажиллагаанд оролцсон ажээ.

2016 оноос хойш Украины Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 12-р сарын 5-нд дэслэгч генерал цол хүртсэн.

2019 оны 5-р сарын 6-нд Украины Ерөнхийлөгч Петро Порошенко түүнийг Украины Зэвсэгт хүчний нэгдсэн штабын командлагчаар томилсон.

2019 оны 8-р сарын 5-нд Володимир Зеленський Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараахан Украины Хуурай замын цэргийн командлагчаар томилогдсон. 2020 оны 8-р сарын 23-нд хурандаа генерал цол хүртсэн байна.

2023 оны сүүлээр Ерөнхийлөгч Володимир Зеленський болон Ерөнхий командлагч Валерий Залужный хоёрын хооронд санал зөрөлдөөн үүссэний дараа Украины болон барууны олон ажиглагчид Украины Зэвсэгт хүчний шинэ Ерөнхий командлагчаар Александр Сырскийг томилно гэж таамаглаж байсан. Оростой хийж буй цэргийн сөргөлдөөнд Украин хоёр чухал ялалт байгуулсан түүний намтар, туршлага, ерөнхийлөгчтэй хувийн сайн харилцаатай байсан нь түүний нэр дэвшихэд дэмжлэг болсон гэж үздэг юм.