Александр фон Гумбольдт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Александр фон Гумбольдтийн хөрөг.

Фридрих Вильгельм Хайнрих Александер фон Гумбольдт (герм. Friedrich Wilhelm Heinrich Alexander von Humboldt, * 1769 оны есдүгээр сарын 14 Берлин, † 1859 оны тавдугаар сарын 6-нд Берлин) — Германы байгаль судлаач, газарзүйч, орчин үеийн газарзүйн ухааныг үндэслэгчдийн нэг юм.

Замнал[засварлах | edit source]

Александер вон Гумбольдтийн эцэг нь Александер Георг нь Померан тосгоноос гаралтай Прусс улсын оффицер байсан бол түүний эх Марие Элизабет вон Холведе нь хоёр хүүхэдтэй бэлэвсэн, нэлээд хөрөнгөтэй гэр бүлэээс гаралтай нэгэн байсан ба тэд 1766 онд гэр бүл болсон аж. Энэ гэр бүлээс нэмж хоёр хүүхэдтэй болсоны том нь буюу Александерийн ах Вильгельм вон Гумбольдт нь 1767 онд Потсдам хотод төржээ.

Александер вон Гумбольдт нь багадаа ахынхаа хамт маш олон гэрийн багшаар хичээл заалгаж байжээ. Тэрээр багын байгалийн орчныг ихэд сонирхон шавьж хорхой, болон ургамлын хатаамал цуглуулга бэлтгэн цуглуулдаг байж. Заагч багш нарын ажигласанаар ах нь түүний насанд маш амархан их сайн ойлгож сурч байсан зүйлийг Гумбольдт ойлгохдоо маш муу ойлгон ерөнхийдөө сурах авъяас муутай нэгэн байсан учир багш нар нь энэ их ой толгой муутай хүн болно хэмээн үздэг байж. Гэсэн ч түүний эцэг эх нь тэр хоёрт маш их хөрөнгө зарцуулан мэдлэгтэй хүмүүс болгон хүмүүжүүлэхийн тулд ихээхэн цаг хүч хөдөлмөрөө зарцуулсан байна. Үүний тод илрэл нь тухайн үеийн нэр хүндтэй их сургуулийн профессор багш нарыг авчран хувиар нь хичээл заалгаж байснаар мэдрэгддэг.

1787 онд түүний эх нь хоёр хүүгээ Франкфурт (Одер)ийн их сургуульд оруулсан ба Вильгельм нь арай сэргэлэн учир хуулиар сурах, харин Гумбольдт эдийн засагчаар сурахаар болсон байна. Гумбольдт үүний хажуугаар эртний Грек, Ром болон Египетийн түүх соёл шинжлэх ухаан, эмнэл зүй, физик болон математикийн мэргэжлийн чиглэлийн хичээлүүдэд давхар сонсогчоор сууж байв.

21 настайдаа "Рейний зарим хүрмэн чулуунд хийсэн эрдэс бодисын судалгаа" номоо хэвлүүлсэн нь түүний анхны эрдэм шинжилгээний бүтээл байв. Тэрээр 1791 онд францын ургамал судлаач Бонплантай хамт Төв ба Өмнөд Америкаар аялжээ. Таван жил үргэлжилсэн энэ аялалынхаа дүнг боловсруулж, 1799-1804 онд "Шинэ тивийн нар голлосон нутгаар хийсэн аялал" (фр. Le voyage aux régions equinoxiales du Nouveau Continent) гэдэг 30 боть бүтээлээ туурвижээ. Өмнөд Америкт хийсэн жуулчлалаараа Гумбольдт тус тивийн шинжлэх ухааны үндэстэй судлалын эхийг тавьсан билээ. Уг аялалаар түүний авчирсан асар их цуглуулгын дотор зөвхөн ургамлын зүйл 6000 байсан бөгөөд тэдгээрээс 3000 нь шинжлэх ухаанд огт мэдэгдээгүй байжээ.[1]

Гумбольдтийн Латин Америкийн экспедицийн маршрут.

Гумбольдт хоёр дахь том жуулчлалаараа Оросын Урал, Алтай, улмаар Хятадын хил хүрч Каспийн тэнгисээс буцжээ. Энэ үедээ Гумбольдт өөрийн амьдралын тухай өгүүлсэн "Сансар" (фр. Cosmos : essai d'une description physique du monde) гэдэг номоо бичиж эхэлсэн байна. Байгалийн үзэгдэл юмсын харилцаа, уялдаа, холбоог илтгэн яруу сайхан бичсэн уг номынхоо эхний таван ботийг бичиж, цааш нь үргэлжлүүлж амжилгүй таалал төгсжээ.

Гумбольдт бол ургамлын амьдралын хэлбэр, ургамлын газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг бөгөөд ургамалжлын босоо бүслүүржлийн санааг анх дэвшүүлсэн хүн. Түүнчлэн ерөнхий газар судлал, уур амьсгал судлалыг үндэслэжээ. Тэрээр олон талын өвтэгш боловсролтой, материалист эрдэмтэн байсан нь хожмын байгаль судлалын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

Төв Ази, Австрали, Хойд Америкийн хэд хэдэн уул нуруу, гол, мөрөн, нуур, Гренландын мөсөн гол, Перугийн эргийн далайн хүйтэн урсгал, Саран дээрх галт уул болон олон ургамал, эрдсийг шинжлэх ухаанд Гумбольдтийн нэрээр нэрлэжээ.[1]

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. 

Холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Александр фон Гумбольдт»