Алексей Венедиктов

Алексей Венедиктов (орос. Алексе́й Алексе́евич Венеди́ктов, 1955 оны 12-р сарын 18-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) — Оросын түүхч, сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлч, радио болон телевизийн хөтлөгч, редактор, хэвлэл мэдээллийн менежер бөгөөд нийгмийн зүтгэлтэн.
Алексей Венедиктов анх сургуулийн түүхийн багшаар ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 1980-аад оны сүүлээр сэтгүүл зүйн салбар руу шилжсэн. 1990 онд тэрээр "Эхо Москвы" радио станцад сурвалжлагчаар ажилд ороод 1998-2022 онд тус радиогийн ерөнхий редактороор ажилласан. Түүний удирдлага дор “Эхо Москвы” Оросын хамгийн нөлөө бүхий, алдартай радио станцуудын нэг болжээ. 2015 оны 10-р сараас хойш тэрээр "Дилеттант" түүхийн тухай сэтгүүлийн эзэн болжээ.
А.Венедиктов үг хэлэх эрх чөлөө, хүний эрхийн асуудлаарх олон нийтийн зөвлөл, хороодын гишүүн байсан. 2019 оноос хойш Алексей Венедиктов Орос улсад сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулах асуудлыг идэвхтэй дэмжиж байсан юм.
2022 онд "Эхо Москвы" радио хаагдсаны дараа тэрээр хэвлэл мэдээллийн салбарт үргэлжлүүлэн ажиллаж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Алексей Венедиктов 1955 оны 12-р сарын 18-нд Москва хотод төрсөн. Тэрээр бага, залуу насаа Москва хотын "Покровские Ворота" (хотын төв) орчим өнгөрөөсөн байна.
Дунд сургуулиа дүүргээд Москвагийн Улсын Сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн түүхийн тэнхимийн оройн ангид суралцахын хажуугаар шуудан хүргэгчээр ажиллаж байжээ. 1978 онд дээд сургуулиа төгсөөд олон жил дунд сургуулийн түүхийн багшаар ажилласан байна.
Тэрээр 1990 оны 8-р сараас "Эхо Москвы" радио станцад ажилд орсон байна. Тэрээр сонины тоймч, сурвалжлагч (ялангуяа Ерөнхийлөгч Борис Ельцин, Дээд Зөвлөлийн хооронд мөргөлдөөн гарах үед Цагаан ордонд байсан), дараа нь улс төрийн тоймч болж, мэдээллийн албыг удирдаж, эцэст нь 1998 оны 2-р сард радиогийн эрхлэгчээр сонгогджээ.
Тэрээр 2002 оноос "Эхо-ТВ" телевизийн ерөнхийлөгч болсон. 2004 оны байдлаар тэрээр "Эхо Москвы" ZAO-ийн 18% эзэмшиж байжээ.
2008 оны 8-р сард Ерөнхий сайд В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгслийн 35 захирлдыг (түүний дотор Венедиктов) Сочи дахь байрандаа дуудаж уулзах үеэр Венедиктовт хатуу зэмлэлийг өгсөн. “Эхо Москвы” радиогийн Гүржийн дайныг сурвалжилж байгаа нь Путинд таалагдаагүй юм.
2022 оны 3-р сарын 5-нд Удирдах зөвлөлийн шийдвэрээр Венедиктовыг тус станцын ерөнхий редакторын албан тушаалаас чөлөөлөв. Дараа нь "Эхо Москвы" хаагдсаны дараа радио станцын редакц (Венедиктовыг оруулаад) YouTube сувагт "Живой Гвоздь" (Амьд хадаас) нэвтрүүлэг гаргаж эхлэв.
Өнөөгийн буюу 2025 оны байдлаар А.Венедиктов ажил эрхлээгүй тэтгэвэрт суугч статустай байгаа юм.