Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн шагналт арслангууд

Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааны үеэр МҮБХ-ноос жил бүрийн цагаан сараар аймгийн ахмад, шилдэг арслангуудыг тодруулж хүндэтгэл үзүүлдэг уламжлалаараа 10 аймгийн 10 ахмад арсланд тус шагналыг гардууллаа. 

1. Аймгийн арслан Батнасангийн Мэндсайхан. Архангай аймгийн Батцэнгэл суманд 1966 онд төрсөн. 1991 онд Дорноговь аймгийн түүхт 60 жилийн ойн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Улсын баяр наадамд 2 удаа 3, хоёр удаа 4 давсан. Самбо, жүдо бөхийн спортын мастер.

2. Аймгийн арслан Онгышийн Ныгамет. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 1950 онд төрсөн. 1975 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. УИХ-ын гишүүн асан.

3. Аймгийн арслан Шаарийбуугийн Ганхуяг. Булган аймгийн Тэшиг суманд 1956 онд төрсөн. 1984 онд Булган аймгийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. 1989 онд мөн ААШБ-нд түрүүлсэн.

4. Аймгийн хурц арслан Төмөр-Очирын Баттөмөр. Завхан аймгийн Түдэвтэй суманд 1972 онд төрсөн. 1999 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд, 2002 онд Завхан аймгийн баяр наадамд түрүүлсэн. Улсын наадамд 3 удаа 3 давсан. 

5. Аймгийн арслан Дорлигийн Боорой. Орхон аймгийн Булган /Бугат/ сумын харьяат. 1940 онд төрсөн. 1975 онд Орхон аймгийн анхны наадамд түрүүлсэн ахмад бөх. 

6. Аймгийн арслан Гунгаагийн Жигжид. Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1944 онд төрсөн. 1971 онд МБАТ-ний V спартакиадын барилдаанд түрүүлж аймгийн арслан хүртсэн. Чөлөөт бөхийн спортын мастер. Олон шилдэг шавь төрүүлсэн бөхийн багш, ахмад арслан.

7. Цэргийн арслан Гэлэгжамцын Цэсэнхүү. Төв аймгийн Баянжаргалан суманд 1940 онд төрсөн. 1969 онд Армийн АШТ-нд амжилттай барилдан 35 давж, цэргийн арслан болсон. Улсын наадамд олон жил барилдан 2-3 давж байсан ахмад бөх. 

8. Аймгийн хурц арслан Мятавын Баттогтох. Увс аймгийн Тэс суманд 1944 онд төрсөн. 1969, 1970 онд Увс аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн хурц арслан. ХААДС төгссөн, малын их эмч, ахмад бөх.

9. Аймгийн арслан Төмөрбаатарын Оюунбилэг. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1957 онд төрсөн. 1981 онд аймгийн арслан болсон. 1985 онд Хөвсгөл аймагтаа үзүүрлэсэн.

10. Аймгийн арслан Батмөнхийн Эрдэнэцогт. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1958 онд төрсөн. 1991 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Самдан аваргын нэрэмжит барилдаанаас аймгийн заан цол авсан. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой, багш.