Jump to content

Алчи ноён

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алчи ноён (монгол бичиг:ᠠᠯᠴᠢ ᠨᠤᠶᠠᠨ; перс: الجی كوركان, латин галиг: āljī gūrkān; хятад: 按陳, пиньинь: ànchén; зарим номонд Анчин, Аньчэн гэж бичдэг) бол Их Монгол Улсын хонгирад аймгийн мянгатын ноён, төрийн зүтгэлтэн. Мөн Чингис хааны хатан Бөртэ хатны дүү, хааны хадам дүү. Чингис хааныг дагалдан их, бага 32 удаагийн тулалдаанд оролцож, Алтан улс, Тангуд болон Хорезмын хот, сууринг эзлэхэд онцгой гавьяа байгуулсан.[1] 1227 онд улсын нагац өргөмжлөгдсөн. 1232 онд Өгэдэй хааны Хэши ван (河西王) цол, мөнгөн тамгаар шагнажээ. 1237 онд Өгэдэй хаан Алчи ноёнд 200,000 зоос шагнаад, "Хонгирад овгоос охин төрвөл хатан болж, хөвгүүн төрвөл гүнжтэй гэрлэж байх болтугай. Жилийн дөрвөн улирлын сарын эх бүрт энэ зарлигийг уншин сонордуулж, үеийн үед бүү зөрчитүгэй" хэмээн мөн Алтан улсын дайнаас олзолсон 5200 цэрэг, иргэнийг хонгирад аймагт хуваан өгч түмт болгон захирах зарлиг буулгав.[1] Алчи ноёныг таалал төгссөний дараа Гуанрэн ууланд (官人山) оршуулжээ.[1] 1295 онд Өлзийт хааны зарлигаар жинин ван (濟寧王) цолоор нэхэн шагнаж, гэргий Хажиныг нь жинин вангийн хатан (濟寧王妃) цолоор нэхэн шагнасан.[1]

Алчи ноёны нэр мэдэгдэж байгаа Хажин хатнаас Начин, Очин, Чигү, Сорхот гэх хүү, Чаби хатан, Өгий үжин гэх 2 охин төрсөн. Эдгээр хүүхдүүдээс гадна Алчи ноёны удмын ноёд, тэдгээртэй хуримласан гүнжийн нэрс олон байдаг ч, аль хүүгийнх нь удам гэдэг нь орхигдсоноос тодорхойлох боломжгүй болсон.

  1. 1.0 1.1 1.2 1.3 "Юань улсын судар: 118-р дэвтэр (元史/卷118)". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-12.
  2. "元史/卷114 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-12.