Jump to content

Альдо Моро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Альдо Моро

Альдо Моро (итал. Aldo Romeo Luigi Moro; 1916 оны 9-р сарын 23-нд Италийн Вант улсын Малье хотод төрсөн – 1978 оны 5-р сарын 9-нд Ром хотод нас барсан) -Италийн улс төрч, Христийн ардчилал хөдөлгөөний нэрт төлөөлөгч, зүүн жигүүрийг төлөөлж байсан Христийн ардчилсан намын удирдагчдын нэг юм. Тэрээр 1963-1968, 1974-1976 онд Италийн Ерөнхий сайд байсан бөгөөд католик шашинтан. Хэт зүүний үзэлтэй террорист "Улаан бригадууд" байгууллагынхан түүнийг хулгайлж алсан юм.

Альдо Морогийн 1963-1968 онд тэргүүлсэн засгийн газар 3 удаа танхим солигдсон байна. Улс төрчөд зайлшгүй амьсгаа авах хэрэгтэй байв. Ерөнхий сайдын албан тушаалаасаа буусны дараа Моро 1969-1974 онд Мариано Румор, Эмилио Коломбо, Жулио Андреотти нарын засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажилласан. 1974 оны намар Моро дахин кабинетаа тэргүүлэв. Морогийн эцсийн, тав дахь засгийн газар 6 сар хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд зөвхөн Христийн ардчилсан намаас бүрдсэн байв. Католик шашинтай тус улсад маргаантай үр хөндөлтийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Италийн парламентад итгэл үзүүлэх санал авч чадалгүй огцорчээ.

1960-аад онд Морогийн гадаад бодлогын ер бусын санаачилга бол Палестины дайчидтай албан бусаар тохиролцож, Италид террорист халдлага үйлдэхгүй байхаар тохиролцсоны хариуд палестинчууд тус улсын дотор саадгүй шилжин явж байх явдал байсан.

1978 оны 3-р сарын 16-нд Альдо Морог Ром хотноо "Улаан бригадууд"-ын алан хядагчид барьцаалсан. Террористууд түүний оронд бүлэглэлийг үүсгэн байгуулагч Ренато Курсио тэргүүтэй 13 нөхдөө суллахыг шаардсан байна. Удаан яриа хэлцэл явуулсны эцэст Италийн засгийн газар алан хядагчидтай хэлэлцээ хийхээс татгалзсан юм. Үүний дараа 1978 оны 5-р сарын 9-нд террористууд барьцаалагдсан Альдо Морог алжээ.