Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Эрдэм Шинжилгээний Эмхэтгэл
Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Эрдэм Шинжилгээний Эмхэтгэл (Proceedings of the National Academy of Sciences of the United States of America, товчоор PNAS буюу PNAS USA) нь олон салбарыг хамарсан, хөндлөнгийн шүүмжлэлд үндэслэсэн эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн албан ёсны хэвлэл юм. Тус сэтгүүл анх 1915 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөг хүртэл анхдагч судалгааны өгүүлэл, шинжлэх ухааны тойм, эрдэмтдийн байр суурийг илэрхийлсэн өгүүлэл, захидал зэргийг тогтмол нийтэлж байна.
Journal Citation Reports-ын 2024 оны үзүүлэлтээр PNAS сэтгүүлийн нөлөөллийн хүчин зүйл нь 8.9-д хүрсэн нь тус сэтгүүлийн олон улсын шинжлэх ухааны үнэлэмж, хүлээн зөвшөөрөлтийг харуулна. 2008–2018 оны хооронд PNAS-аас нийт 1.9 сая гаруй удаа эшлэгдсэн бөгөөд энэ нь тус сэтгүүлийг дэлхийн хэмжээнд хамгийн их эшлэгддэг хоёр дахь шинжлэх ухааны сэтгүүл болгож байна.
Өмнө нь PNAS сэтгүүлийг олон нийт, судлаачид “нэр хүндтэй”, “тогтвортой хэв маягтай”, “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн”, “өндөр нөлөөлөл бүхий” хэмээн тодорхойлж ирсэн байдаг.


PNAS нь сааталтай нээлттэй хандалттай сэтгүүл бөгөөд нийтлэл нь нийтлэгдсэнээс хойш 6 сарын дараа олон нийтэд нээлттэй болох журамтай. Гэвч зохиогчоос нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд энэ хязгаарлалт хасагдаж, өгүүллийг нэн даруй нээлттэй нийтлүүлэх боломжтой. 2017 оны есдүгээр сараас хойш нээлттэй хандалтын өгүүллүүдийг Creative Commons лицензийн хүрээнд нийтэлж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн PNAS нь зөвхөн цахим хувилбараар хэвлэгддэг болсон ч хэвлэмэл хувилбарыг захиалгаар авах боломжтой.
Түүх
[засварлах | кодоор засварлах]PNAS сэтгүүл нь Америкийн Үндэсний Шинжлэх Ухааны Академи (NAS), ҮШУА-ийн санаачилгаар 1914 онд байгуулагдсан бөгөөд анхны дугаар нь 1915 онд хэвлэгдэн гарсан юм. NAS нь өөрөө 1863 онд АНУ-ын Конгрессоор хуулийн этгээдийн статустайгаар баталгаажсан, хувийн байгууллага байдлаар байгуулагдсан бөгөөд түүний гол зорилго нь: “шинжлэх ухаан болон урлагийн аль ч салбарт судалгаа хийх, шинжлэн нягтлах, турших, дүгнэлт гаргах” гэж тодорхойлогдсон байдаг.
PNAS сэтгүүлийг үүсгэн байгуулахаас өмнө Үндэсний Шинжлэх Ухааны Академи нь гурван ботид багтаасан байгууллагын ажиллагааны тэмдэглэл хэвлүүлж байсан бөгөөд эдгээр нь голчлон хурлын тэмдэглэл болон жилийн тайлангаас бүрдэж байв. Сэтгүүлийн түүхийн нэлээд урт хугацаанд PNAS нь Академийн гишүүд болон тэдэнтэй хамтран ажиллагчдын судалгааны үр дүнг товчлон анхлан зарласан мэдэгдлүүдийг нийтэлдэг байсан.
1995 оны арванхоёрдугаар сараас эхлэн PNAS сэтгүүл нь нийтлэл хүлээн авах журмаа өөрчилж, |ҮШУА-ийн гишүүнээр батлуулах шаардлагагүйгээр бүх эрдэмтэн, судлаачдад өгүүлэл илгээх боломжийг нээлттэй болгосон.
Академийн гишүүд нь жил бүр гишүүн бус эрдэмтдийн хоёр хүртэлх өгүүллийг PNAS сэтгүүлд уламжлан хүргүүлэх эрхтэй байв. Эдгээр өгүүлэлд хийгдэх шүүмжлэлийн үйл явц нь нууцлалтай явагддаг байсан бөгөөд шүүмжлэгчдийн нэрийг зохиогчдод ил болгодоггүй байв. Шүүмжлэгчдийг тухайн NAS-ийн гишүүд өөрөө сонгон томилдог байсан.

2010 оны долдугаар сарын 1-нээс эхлэн, PNAS NAS-ийн гишүүдээр дамжуулан өгүүлэл дамжуулах тогтолцоог халсан бөгөөд бүх өгүүллийн эцсийн шийдвэрийг зөвлөл дангаар гаргах зарчмыг хэвшүүлсэн юм.
Өгүүллүүдийн 95 хувь нь хөндлөнгийн шүүмжлэл хийгддэг шууд ирүүлсэн өгүүллүүд (Direct Submissions) бөгөөд үлдсэн 5 хувь нь хувь нэмэр оруулсан өгүүллүүд (Contributed Submissions).
Ерөнхий редакторууд
[засварлах | кодоор засварлах]- 1914–1918: Артур А. Нойес (Arthur A. Noyes)
- 1918–1940: Рэймонд Пёрл (Raymond Pearl)
- 1940–1949: Роберт А. Милликэн (Robert A. Millikan)
- 1950–1955: Лайнус Полинг (Linus Pauling)
- 1955–1960: Уэнделл М. Стэнли (Wendell M. Stanley)
- 1960–1968: Сандерс Мак Лэйн (Saunders Mac Lane)
- 1968–1972: Жон Т. Эдсолл (John T. Edsall)
- 1972–1980: Роберт Л. Синсхаймер (Robert Louis Sinsheimer)
- 1980–1984: Даниэл Э. Кошланд (Daniel E. Koshland, Jr.)
- 1985–1988: Максин Сингер (Maxine Singer)
- 1988–1991: Игорь Б. Давид (Igor B. Dawid)
- 1991–1995: Лоуренс Богорад (Lawrence Bogorad)
- 1995–2006: Николас Р. Коззарелли (Nicholas R. Cozzarelli)
- 2006–2011: Рэнди Шекман (Randy Schekman)
- 2011–2017: Индер Верма (Inder Verma)
- 2018–2019: Наташа Райкел (Natasha Raikhel)
- 2019–одоо: Мэй Беренбаум (May Berenbaum)
Сэтгүүлийн анхны удирдах редактор нь математикч Эдвин Бидвелл Вилсон байв.