Америк-Хятадын харилцаа

Америк-Хятадын харилцаа - Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын дипломат, улс төр, эдийн засгийн харилцаа нь өнөөгийн үеийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг гэж үздэг юм.
Хятад, АНУ-ын хоёр талын харилцаа одоогоор найрсаг гэхээсээ илүү өрсөлдөөн, стратегийн өрсөлдөөн гэж тодорхойлогддог. Худалдаа, уур амьсгал зэрэг улс орнуудын хамтын ажиллагааны салбарууд байдаг ч хүний эрх, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, худалдааны болон технологийн өрсөлдөөн зэрэг асуудлаар хоёр талын харилцаанд үл ойлголцол оршсоор байна.
АНУ, БНХАУ бие биенийхээ худалдааны хоёр дахь том түнш бөгөөд 2012 онд тэдний хоорондын худалдаа 500 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний зэрэгцээ 2012 онд АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 315 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Хятад улс АНУ-ын өрийн хамгийн том (2016 оны байдлаар 1.3 их наяд ам. доллар) эзэмшигч болоод байгаа юм.
Одоогийн байдлаар хоёр орны иргэдийн солилцооны жилийн хэмжээ 3 саяд хүрч, Номхон далайн хоёр эргийн хооронд долоо хоногт 110 зорчигч тээврийн онгоц нислэг үйлдэж байна. 2011 оны эхээр АНУ-д 120,000 хятад, Хятадад 20,000 гаруй америк иргэд суралцаж байгаа гэсэн мэдээ байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
19-р зууны Хар тамхины дайн хүртэл Хятад улс Америкчуудын хувьд бараг хаалттай улс байсан. Чин улсын ялагдал нь Хятадыг бүхэлдээ нээж, хятадын хямд ажиллах хүчийг АНУ руу экспортлох эхлэлийг тавьсан байна. 1868 онд АНУ-Хятадын Бурлингамийн гэрээг соёрхон баталснаар (1880 онд шинэчлэгдсэн) хоёр улсын хооронд чөлөөтэй цагаачлах боломжийг олгосон. Үүний үр дүнд зөвхөн 1870-1880 оны хооронд Хятадаас АНУ-д 138,941 цагаач очжээ. 1943 он хүртэл Хятадын цагаачдыг АНУ-ын иргэншил авахыг хориглосон бөгөөд зөвхөн АНУ-д төрсөн хүүхдүүд нь иргэншил олгох боломжтой байсан юм.

Номхон далайн бүс дахь дайн дууссаны дараа АНУ нь Хятадын Коммунист намын эсрэг дайсагнасан байр суурь баримталж, Чан Кайшигийн Гоминдан намыг дэмжсээр ирсэн. 1949 онд БНХАУ-ыг тунхаглаж, Чан Кайшигийн дагалдагчид Тайвань руу зугтсаны дараа АНУ 7-р цэргийн флотоо Тайванийн хоолой руу илгээж, Хятадын эргийг бүсэлснийг зарлаж, Тайванийг өөрийн цэргийн томоохон бааз болгож, Гоминданы дэглэмд бүх талын дэмжлэг үзүүлж иржээ.
1960-аад оны сүүлчээр өөрчлөлтийн үе эхэлсэн байна. Америкийн Ерөнхийлөгч Линдон Жонсон 1968 онд Вьетнамын дайныг зогсоохоор шийдсэн нь Хятадын хувьд АНУ Ази, Номхон далайн бүс нутагт тэлэх сонирхолгүй болсон гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Үүний зэрэгцээ ЗХУ-тай харилцаа хурдацтай муудсан юм. Энэ нь 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Ричард Никсонд Вашингтоны Москва, Бээжинтэй харилцаагаа сайжруулахын тулд энэхүү өрсөлдөөнийг ашиглах санааг төрүүлж, өрсөлдөгч нар Ханойг дэмжихээ багасгахыг хүссэн байдаг юм.
АНУ-д Ричард Никсоны засаг захиргааны үед (1969-1972) хоёр улсын харилцаа бүлээсэж эхэлсэн юм. Р.Никсон ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Америк-Хятадын харилцааг наашлуулах талаар хэд хэдэн алхам хийсэн байна. 1970 онд АНУ-ын Конгресст АНУ, Хятадын харилцааны асуудлыг хэлэлцэх үеэр "БНХАУ-тай харилцаа тогтоох" саналыг дэвшүүлсэн байдаг юм.
1971 оныг Хятад, АНУ-ын харилцаа сэргэсэн жил гэж судлаачид үздэг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга агсан Хэнри Киссинжер Пакистанд айлчлах үеэрээ нууцаар Хятадад 7, 10-р сард айлчилж Жоу Эньлайтай уулзаж, удалгүй Александр Хэйг 1972 оны 1-р сард Хятадад мөн айлчилсан байна. Эдгээр айлчлалууд нь АНУ-ын ерөнхийлөгчийн Хятадад хийх айлчлалын өмнөх бэлтгэл айлчлал болсон билээ.
БНХАУ-ын дотор зүүний үзэлтнүүдийн эсэргүүцэл бас байсан. Энэхүү хүчин чармайлтыг цэргийн дарга Лин Бяо удирдсан гэж үздэг бөгөөд тэрээр Зөвлөлт Холбоот Улс руу урвах гэж байгаад Монголын нутаг дээгүүр учир битүүлэг онгоцны ослоор амиа алдсан юм. Түүний үхэл нь айлчлалын талаарх дотоод санал зөрөлдөөнийг намжаасан гэдэг юм.
Үүний үр дүнд 1972 оны 2-р сарын 21-28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д албан ёсоор айлчилж Бээжин, Шанхай болон Гуанжоуд очсон байна. Р.Никсон уг айлчлалын үеэр Хятадын удирдагч Мао Зэдунтай уулзаж хэлэлцээ хийсэн байна. Айлчлалын дараа "Шанхайн мэдэгдэл" гэж нэрлэгддэг хоёр талын хамтарсан мэдэгдэл гарсан байна. Үүнд Тайваньд Америк байсаар, Америк Тайванийн хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа хэдий ч энэ айлчлал БНХАУ- Америкийн харилцааг бүрэн хэвийн болгоход хүргэсэн гэж тэмдэглэжээ. 1970-аад онд хоёр талын харилцаа хэвийн болсны дараа Хятадын эдийн засгийн бодлого, Тайванийн улс төрийн статус, Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаан зэрэг байнгын маргаантай байсаар ирсэн. Эдгээр хурцадмал байдлаас үл хамааран хоёр улс эдийн засгийн чухал байр суурь эзлэх болсон бөгөөд гүнзгий холбоотой байж дэлхийн тавцанд стратегийн өрсөлдөгч гэх болоод байгаа юм.

1973 оны 5-р сард албан ёсны дипломат харилцаа тогтоохын тулд АНУ болон БНХАУ нь Бээжинд АНУ-ын Холбоо барих Алба (USLO), Вашингтонд БНХАУ-ын ижил төстэй оффисыг байгуулсан. 1973-1978 онд Дэвид К.Э. Брюс, Жорж Х.В. Буш, Томас С. Гейтс Жуниор, Леонард Вудкок зэрэг нэр хүндтэй Америкчууд АНУ-ын Холбоо барих Албаны даргаар Элчин сайдын зэрэглэлтэйгээр ажиллаж байжээ.

1975 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд Хятадад айлчилсан.
1979 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер Хятадтай албан ёсны дипломат харилцаагаа сэргээсэн.
Сүүлд 1998 онд Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь АНУ-д айлчлах үеэр Америкийг Хятадын стратегийн түнш гэж зарласан байна.

1999 оны 5-р сарын 7-нд НАТО тэргүүтэй цэргийн хүчинийхэн Белград дахь Хятадын Элчин сайдын яаманд /зориуд бус гэдэг/ цохилт өгсний дараа хоёр улсын харилцаа эрс муудсан юм.
Кеннет Либерталын тэмдэглэснээр, Жорж Бушийн засаг захиргаа Цагаан ордонд орохдоо Хятадыг “стратегийн өрсөлдөгч” гэж зарласан.
2025 оны байдлаар хоёр улсууд нэрлэсэн ДНБ-ээрээ дэлхийн хамгийн том, хоёр дахь том эдийн засагтай улсууд болоод байгаа юм. Эдгээр нь нийтдээ дэлхийн нэрлэсэн ДНБ-ий 44.2%-ийг эзэлж байна.
Ши Жиньпин АНУ-д анхны төрийн айлчлалаа 2015 оны 9-р сард хийсэн.
2026 оны 5-р сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжинд айлчилж Хятадын дарга Ши Жиньпинтай дээд хэмжээний чухал уулзалт хийсэн. Д.Трампын хэлэлцээний сэдэв нь: Хоёр талын худалдаа, Тайван, Иран дахь дайн гэж CNN, ВВС агентлагууд мэдээлсэн.
2026 оны 9-р сарын 23-25-нд Ши Жиньпин АНУ-д айлчилж Доналд Трамп нар хэлэлцээ хийв.
Худалдааны хоригууд
[засварлах | кодоор засварлах]2026 оны 8-р сарын 5-нд Хятадын Худалдааны яам шинэ технологийн хязгаарлалтын хариуд АНУ-ын эсрэг 4 багц хариу арга хэмжээ авсан.
Эдгээр арга хэмжээг АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс Хятадын робот, инвертер болон холбогдох эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг импортлохыг хориглох шийдвэр гаргасны дараа авсан. Цаашилбал, албадан хөдөлмөр ашигласан гэж сэжиглэн 40 гаруй Хятадын компанийг АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад нэмсэн. Хятадын эрх баригчид эдгээр арга хэмжээ нь Доналд Трамп, Ши Жиньпин нарын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгдсэн. Үүний хариуд Хятад улс ижил төстэй арга хэмжээ авсан юм.
Гол шийдвэрүүдийн нэг нь АНУ-д нисгэгчгүй нисэх онгоц болон холбогдох давхар хэрэглээний технологийн нийлүүлэлтэд экспортын хяналтыг чангатгах явдал байв. Нэн даруй хүчин төгөлдөр болохын тулд нэгж бүрийг тус тусад нь батлах ёстой.
Үүнээс гадна Хятад улс "Applied DNA Sciences", "Stratum Reservoir", "Compliance Testing" зэрэг Америкийн 6 компанид хориг арга хэмжээ авсан. Хятадын эрх баригчдын мэдээлснээр эдгээр компаниуд Шинжаан Уйгурын өөртөө засах оронд Хятадын засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх үндэслэл болсон мэдээлэл цуглуулсан байна.
Түүнчлэн, Хятад улс гадаадын програм хангамж ашиглан оффисын тоног төхөөрөмж импортлохтой холбоотой үндэсний мөрдөн байцаалт эхлүүлсэн. Мөрдөн байцаалтад хэвлэгч, хувилагч болон бусад төрлийн оффисын тоног төхөөрөмж хамрагдаж байгаа юм.