Америк-Японы харилцаа

Америк-Японы харилцаа— Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын хоорондын хоёр талын харилцаа. 2010 оны эхэн үеийн байдлаар хоёр улс маш нягт харилцаа, холбоотой хамтран ажиллаж байна. Япон бол АНУ-ын хоёр дахь том зээлдүүлэгч юм. Америкийн засгийн газрын Японд төлөх өр 2016 оны байдлаар 1.1 их наяд доллар байсан. Үүнээс гадна Японд Америкийн хэд хэдэн цэргийн анги, байгууламж байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон, АНУ-ын аюулгүй байдлын тухай гэрээ (англи. Japan-United States Securely Treaty) 1951 онд байгуулсан. 1960 онд хоёр улсын харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь 1951 оны "Аюулгүй байдлын тухай" гэрээ болон дараагийн хэд хэдэн гэрээг шинэчилсэн юм. Шинэ гэрээний дагуу АНУ Японы нутаг дэвсгэрт зэвсэгт хүчин, цэргийн баазаа хадгалах эрхээ Японоос баталгаажуулж авсан. Япон дахь АНУ-ын цэргийн анги, байгууламж, нутаг дэвсгэр, статусын тухай хэлэлцээрт мөн гарын үсэг зурсан юм.
Хүйтэн дайн дууссанаас хойш Япон-Америкийн аюулгүй байдлын үзэл баримтлалд томоохон өөрчлөлт орж, түүний тэргүүлэх чиглэл нь "Японыг хамгаалах"-аас "Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах" руу шилжсэн юм.
2021 оны 2-р сарын 11-нд Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй утсаар ярьж, Австрали, Энэтхэг улстай дөрвөн талт хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
2021 оны 11-р сарын 2-нд Окинава мужийн захын арлуудад Японы өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт болсон. Хээрийн сургуульд Японы 400, АНУ-ын 100 орчим цэргийн албан хаагч оролцжээ. Японы эрх баригчид энэхүү сургуулилт нь батлан хамгаалахтай холбоотой ямар нэгэн үр дагавартайг үгүйсгэж, уг арга хэмжээний зорилго нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах явдал гэж мэдэгдсэн юм.
2022 оны 5-р сарын 23-нд Японы эзэн хаан Нарухито АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байденыг Токио дахь өргөөндөө хүлээн авч уулзсан. Энэ үеэр Байден хоёр орны ард түмний гүн гүнзгий харилцаанд үндэслэсэн АНУ-Японы харилцаа бат бөх болохыг онцлон тэмдэглэсэн юм.
2023 оны 2-р сарын 7-нд АНУ Хятадтай Ази, Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг хадгалахын тулд газар-газар ангиллын хэт авианы пуужин болон Томахавк далавчит пуужингуудыг нутаг дэвсгэртээ байрлуулах зөвшөөрлийг Японоос хүссэн.
Японы засгийн газар боломжит дайсны эсрэг “хариу цохилт өгөх” зорилгоор АНУ-аас 400 хүртэлх “Tomahawk” далавчит пуужин худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Эдгээр пуужингуудыг Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний байлдааны хөлөг онгоцонд байрлуулах ажлыг 2026 онд хийхээр төлөвлөж байна.