Америк-Өмнөд Солонгосын харилцаа

Америк-Өмнөд Солонгосын харилцаа — Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр талын дипломат харилцаа. Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
1882 онд АНУ, Солонгосын Жусон гүрэн Энхтайван, найрамдал, худалдаа, навигацийн гэрээ (англи. Treaty of Peace, Amity, Commerce, and Navigation) байгуулан дипломат харилцаа тогтоож, 1883 онд Америкийн анхны дипломат төлөөлөгч Солонгост хүрэлцэн очсон ажээ. 1910 онд Солонгост Японы колоничлолын 35 жилийн ноёрхол эхэлсэн. 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Япон бууж өгсний дараа Солонгосын хойг 38-р параллель дагуу хоёр бүсэд хуваагджээ. Өмнөдийг АНУ, хойд хэсгийг ЗХУ эзэлсэн түүхтэй. 1948 онд хуучнаар нэгдсэн Солонгос улсын нутаг дэвсгэр дээр өмнөд хэсэгт БНСУ, хойд талд БНАСАУ гэсэн хоёр улс байгуулагдсан юм.
1950 оны 6-р сарын 25-нд Хойд Солонгосын арми Өмнөд Солонгос руу довтлов. АНУ тэргүүтэй НҮБ-ын 16 орны эвсэл Өмнөд Солонгосыг батлан хамгаалахаар болсон. Дараа нь Хятад Хойд Солонгосын талд дайнд орж, мөргөлдөөн удаан үргэлжилсэн үе шатанд ороод 1953 оны 7-р сарын 27-нд дайны идэвхтэй үе дуусаж, энхийн гэрээ байгуулаагүй юм. Солонгосын дайн дууссанаас хойш Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа хүнд хэвээр байж ирсэн.

1953 онд Солонгосын дайн дууссаны дараа АНУ нь Өмнөд Солонгостой хоёр талын эвслийн гэрээ байгуулжээ. АНУ, Өмнөд Солонгос улсууд нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхолд суурилсан найрамдал, хамтын ажиллагааны урт түүх туулж ирсэн. Хоёр улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд тулгарч буй аюул заналхийллийг даван туулах, эдийн засгаа бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. АНУ Өмнөд Солонгост цэргийн баазаа хадгалж, АНУ-Өмнөд Солонгосын харилцан хамгаалах гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд (өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгост гадны түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад нь туслах) үүрэг гүйцэтгэдэг. Хойд Солонгосын цөмийн асуудал болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ болон Өмнөд Солонгос хүчин чармайлтаа нягт уялдуулан ажилладаг. Дараагийн хэдэн арван жилд Өмнөд Солонгос эдийн засаг, улс төр, цэргийн асар их өсөлтийг туулсан.