Jump to content

Америк мөрөөдөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Америк мөрөөдөл (Англи: American Dream) гэдэг бол Америкийн Нэгдсэн Улсын үндэсний ижилслийн суурь ойлголтын нэг бөгөөд нийтлэг үнэт зүйлийн биелэл юм. Америк мөрөөдөл гэсэн ойлголтыг тодорхойлсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байхгүй бөгөөд нарийн ойлголт нь цаг үеийг дагаад хувьссаар байгаа боловч ерөнхий ойлголт нь эрх тэгш боломж болон нийгмийн давхарга хооронд шилжин хөрвөх чадвар юм. Өөрөөр хэлбэл, гол санаа нь хүн болгон эрх тэгш байх боломжтой бөгөөд арьс өнгө, хүйс, үндэсний болон нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдлаас үл хамааран өөрөө л хичээвэл юу ч хийж, ямар ч амжилтад хүрч, өөрийн болон үр хүүхдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх боломжтой гэсэн санаа юм.

“Америк мөрөөдөл” гэдэг нэр томьёо 1931 онд буюу дэлхийн Их хямралын дундуур анх дэлгэрч алдаршсан ч ерөнхий ойлголт нь АНУ-ын түүхийн турш үндэсний ялгарлын нэг онцлог хэвээр байсаар байна. Нарийн ойлголт нь түүхээр хувьссаар байна. XIX зуунд улсын нутаг дэвгэрийн барууншаа  өргөжүүлэлт, хил хязгаарын амьдрал амьжиргааг (жишээ нь 1849 оны Калифорнийн алтны халуурал) тодотгосон байна. XIX зууны сүүлээс XX зууны эх хүртэл буюу АНУ-ын “Алтан эрин үе”-д эдийн засгийн хурдацтай хөгжил, үйлдвэржүүлэлттэй зэрэгцэн нийгмийн тэгш бус байдал, төрийн авлига асар их нэмэгдэхэд, эрх баригчид, нөлөө бүхий том хөрөнгөтөн нар “туг ч барина, тугал ч хариулна”-ын үлгэр домог тарааж, олигархи болон хязгааргүй хэтэрсэн капиталист нийгэм эдийн засгийн тогтолцоог ард түмэндээ хүлээлгэн зөвшөөрүүлсэн байна.

XX зууны иргэний хөдөлгөөн, нийгмийн тэмцэгч нар “Америк мөрөөдөл”-ийн бэлгэдлийг ашиглаж цөөнхийн эрх, тэгш боломжийн төлөө тэмцсэн юм. XX зууны эхэнд нийгмийн тэмцэгчид нь хэтэрсэн үйлдвэржүүлэлт, зохицуулалтгүй зах зээлийн эдийн засгийн бий болгосон тэгш бус байдлын эсрэг иргэний хөдөлгөөн зохион байгуулж байв. Дэлхийн их хямралын дунд АНУ-ын төр засаг Америк мөрөөдлийг хангах гэж эдийн засгийн урамшуулал, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зөвтгөж байсан. Жараад оны арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчид нь Америк мөрөөдлийг хүн бүрд хүргэх ёстой гэж уриалан хар арьстнуудын эрх тэгш боломжийн төлөө тэмцэж байсан байна.

Олон нийтийн санаа бодол

[засварлах | кодоор засварлах]

Судалгаагаар сүүлийн жилүүдэд АНУ-ын олон нийтийн Америк мөрөөдөлд итгэх найдвар, итгэл итгэмшил багасаж байна.

Америк мөрөөдөл бодит амьдралд биелдэг эсэх нь АНУ-ын элит болон массын соёл, урлагийн мөнхийн сэдвийн нэг.