Ангийн зөрчил
Улс төр судлалын хүрээнд ангийн зөрчил буюу ангийн тэмцэл гэх ойлголт нь нийгмийн ангиудын хооронд үүсдэг эдийн засгийн зөрчил, улс төрийн хурцадмал байдал юм. Энэ нь сонирхол зөрөх, хязгаарлагдмал нөөцийн төлөөх өрсөлдөөн, нийгэм-эдийн засгийн шатлал дахь эрх мэдлийн тэгш бус байдлаас үүдэлтэй. Хамгийн энгийн утгаар нь авч үзвэл, ангийн зөрчил гэдэг нь баян ба ядуугийн хооронд үргэлж өрнөдөг тэмцлийг илэрхийлдэг.
Карл Маркс болон Михаил Бакунин нарын бичвэрүүдэд ангийн тэмцэл нь ажилчин анги олонхын эрх ашгийн төлөөх нийгэм, улс төрийн суурь өөрчлөлтийг хийх гол хэрэгсэл, үзэл суртлын үндэс гэж тооцогддог. Энэ нь социологи болон улс төрийн философийн зөрчлийн онолын (conflict theory) гол ойлголтын нэг юм.
Ангийн зөрчил дараах хэлбэрүүдээр илэрч болно:
- Шууд хүчирхийлэл — аллага, төрийн эргэлт, хувьсгал, эсрэг хувьсгал, иргэний дайн зэрэг нь засгийн газар, байгалийн нөөц, хөдөлмөрийн хүчийг хянах гэсэн тэмцлийн хэлбэр;
- Шууд бус хүчирхийлэл — ядуурал, хоол тэжээлийн дутагдал, өвчин эмгэг, аюултай ажлын байрнаас үүдэлтэй үхэл;
- Эдийн засгийн албадлага — бойкот, ажил хаялт, ажилгүй болох аюул, хөрөнгө гадагш урсах заналхийлэл, хөрөнгө оруулалтаа татах зэрэг;
- Улс төрийн заль — хууль ёсны болон хууль бус лобби, хууль тогтоогчдыг хахуульдах, сонгогчдыг дарамтлах, сонгуульд оролцох эрхийг хязгаарлах;
- Үзэл суртлын тэмцэл — суртал ухуулга, улс төрийн уриа лоозон, бичвэрээр дамжих оюун санааны тэмцэл.