Ангиллын хэлэлцүүлэг:Чингис хаан

Page contents not supported in other languages.

цогооноо 15:37, 26 Долоодугаар сар 2012 (UTC)


Чингис хааны түүх

Чингис хаан гайхамшигт амжилтанд хүрсэн хэдий ч бусад их хаадын адил хөргөө зуруулж, хөшөөгөө босгуулсангүй, зоосон дээр ч нэр алдраа сийлүүлсэнгүй. Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найраг туурьвиж, дуу зохиож дуулахыг ч таалан болгоосонгүй, орд харш сүм хийдийг ч алдар нэрээрээ овоглосонгүй. Түүнийг таалал болоход “эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн” гэрээслэл ёсоор нь бунхан, сүм, пирамид, тэр ч байтугай булшны чулуу ч босголгүй оршуулсан ажээ. Ийнхүү их хаан халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа эргэн шингэсэн юм” гэж Америкийн эрдэмтэн Жек Уэтерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номондоо бичжээ. Өнөө үед түгээмэл тохиолдох Чингис хааны хөргийг 14-р зуунд Хоргусан гэдэг хүн зуржээ. Энэ зурагнаас нь санаа аван янз бүрээр зурсан дөрөв орчим зураг дэлхий дээр тархжээ. Эх зураг нь Тайванд хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг үзэхээр одоогийн байдлаар хүлээн зөвшөөрдөг юм.

1205-1295 оны хооронд Монголчууд нийт 50 гаруй үндэстнийг байлдан дагуулсан бөгөөд энэ нь одоогийн газрын зураг дээрхи Японоос Адриатын тэнгис хүртэлх Ази, Европын 36 орон юм. 13-р зуунд Монголчууд ердөө л 1 сая хүн амтай байсан бөгөөд нийтдээ 126 сая хүн ардыг байлдан дагуулсан юм. 6 сая орос, 20 сая мусальманчууд, 40 сая манж болон хойд хятадууд, 60 сая өмнөд хятад иргэнийг, дээрээс нь Солонгос, Армян, Афганистан зэрэг олон жижиг улсуудыг эзэлсэн юм.

X-XII зууны үед Монгол болон Түрэг угсааны олон аймгууд Хятадын цагаан хэрмээс Оросын Байгаль нуур хүртлэх нутгийг эзлэн оршиж байв. Энэ дунд хамгийн хүчирхэг нь Хамаг монгол, Хэрээд, Найман, Мэргэд, Татаар аймаг байсан бөгөөд Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь түмэд, Соён зэрэг аймгууд тус тус бие даан янз бүрийн нутагт салангид тусгаар оршиж байв. XIII-XY зуунд Хамаг Монголын эзэн Чингис хаан, түүний үр ач нар түүхэнд урьд өмнө байгаагүй уудам газар нутагтай, Монголын түүхэн дэх гурав дахь эзэнт гүрнийг байгуулжээ. Монголын эзэнт гүрний нөлөөгөөр улс орнуудын хилийн зурвас өөрчлөгдөж, олон янзын соёл иргэншил нэгэн дэг журманд захирагдан оршжээ. Мөн язгууртнуудын эрх ямбаны тогтолцоо нурж, салангид олон жижиг овог аймгуудын эрин үе эцэс болсон юм. Улс үндэстнүүдийн хооронд харилцаа холбооны шинэ хэлбэр үүсэж, худалдаанд суурилсан дэлхийн эдийн засгийн нэгдмэл тогтолцоо бий болсон гэж үздэг. • Монголчуудын өвөг Бөрт чоно, Гуа маралын X үеийн удам Алунгоо хатан бөгөөд Алунгоо хатны XII үе нь Чингис хаан юм. 1189 онд Тэмүжинийг хаан ширээнд залж, Чингис хаан гэдэг цол олгожээ. Чингэс гэдэг нь далай тэнгис гэсэн турк үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн утгыг илэрхийлсэн гэж түүхчид тайлбарладаг. 27 настай Чингис хаан бүх Монголыг нэгтгэхийн тулд 16 жилийг зориулж, эцэст нь 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулан Онон мөрний хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр Есөн манжлагат цагаан сүлд, Дөрвөн манжлагат хар сүлд-ийг улсын сүлд болгон тахижээ. • Чингис хаан одоогийн Хэнтий аймагт Онон голын ойролцоо Дэлүүн болдогхэмээх газар 1162 онд төрөөд, 44 насандаа Монголын эзэнт гүрнийг байгуулж, 1229 онд 67 настайдаа нас баржээ. Төрийн хэрэгт оролцох эрх бүхий 4 хатан, тэдгээр хатдаас төрсөн хүүхдүүд, үр удмыг түүхэнд Алтан ураг гэж нэрлэдэг. Чингис хааны анхны хатан Бөртэ Үжин 4 хүү, 3 охин төрүүлсэн бөгөөд тэдгээр дөрвөн хүү, тэдний үр ач нар нь 1634 он хүртэл Монголыг захирчээ. • 1211–1227 оны хооронд Чингис хаан 4 том дайн 50 гаруй жижиг тулаан хийж удирдсан бөгөөд 200 мянган хүнтэй морьт армийг бүрдүүлжээ. Цэргүүд нь өөрийн унасан мориноос гадна 2-3 морьдыг дагуулан явдаг байсан учраас Монгол армийн гол хүч нь морь байжээ гэж түүхчид үздэг. Үүний хамгийн тод жишээ бол 1220 оны 1 дүгээр сард Чингис хааны 5 түмэн цэрэг 15 түмэн агт морьтойгоор 600 километр өргөн Кизыл Кумын цөлийг нэг сарын дотор туулжээ. Монгол арми анх нефт ашиглан галтай сум хийж дайн байлдаанд ашигладаг байв. Цэргүүд нь морины нуруун дээрээс давхиан дундаа 4 тийш чөлөөтэй эргэн харвахдаа байг гайхалтай мэргэн онодог байжээ. • Чингис хааны зарлигласан Их засаг хууль нь тухайн үеийн Монголын үндсэн хууль төдийгүй Төв Азийн анхны үндсэн хууль байсан гэж үздэг. Чингис хаан энгийн нэгэн цэргийн жанжин биш, харъяандаа оруулсан улс орнуудыг хэрхэн яаж удирдан залах талаар, соёлын өв дурсгалуудыг хэрхэн хамгаалах талаар их тунгаадаг гарамгай удирдагч байсан гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч Хоёр дахь мянганы хүн-ээр өргөмжлөн зарласан билээ.

Чингис хааны байлдан дагуулал • 1204 онд Найман аймагтай байлдаж ялахад Таян хаан уул руу зугтан, замдаа шархдаж уулнаас бууж чадалгүй нас барсан гэдэг. Хүү Хүчүлүг нь Кидан руу зугтжээ. 1206 онд Чингис хаан ойролцоогоор 100 мянган цэрэгтэй Монгол туургатны их удирдагч болжээ. Түүнийг хүчирхэг хаан болоход олон овог аймгийн хангууд болон удаан жилийн өстөн дайсан нь байсан Мэргидүүд хүртэл есөнтөө сөхрөн мөргөжээ. 1207 онд Найманы Таян хааны хүү Хүчүлүгийн булаан эзэлсэн Киданы ард түмнийг чөлөөлжээ. 1211 онд Зүрчидийн алтан улстай дайтаж 65000 морьт цэрэгтэйгээр дайсны мөн адил хэмжээний морьт цэрэг, 85 000 явган цэргийг хялбархан ялжээ. Зүрчидийн олон хятад иргэн Чингис хаанд дагаар орж техникийн чадвар, цайз бэхлэлт байгуулах арга ухаан зэргийг Монгол цэргүүдэд зааж өгчээ. 1214 онд Цин улсын удирдагч амлалтаасаа буцсан учир нийслэл Жандү-г довтолж, эргэн босохын аргагүй болгон бэхлэлт цайзыг нь хүртэл нураажээ. 1216 он гэхэд Чингис хаан нэг сая орчим Монгол түрэг үндэстнийг захирч байв. Марко Поло “...Монголын эрхшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйдаа айх аюулгүй амар жимэр суух болсноо ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий л сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг. • Чингис хаан арилжаа наймааг чухалд үзэж Ази Европыг холбосон худалдаа наймааны шууд замыг бий болгохыг зорьж байв. Тэр үед Афганистанаас Хар тэнгис хүртэлх уудам нутгийг Хорезмын эзэнт улс буюу туркууд захирдаг байв. Чингис хаан 1217 онд II Султан Мохамед хаанд гурван элчийг бэлгийн хамт илгээж харилцан арилжаа наймаа хийн эв найрамдалтай байхыг хүсчээ. Дараагийн удаад нь 450 худалдаачин бүхий жингийн цувааг хөдөлгөж цагаан тэмээний ноосон хувцас, хятад торго, мөнгөн ембүү, түүхий оюу зэрэг чамин тансаг барааг явуулахдаа мөн л харилцан эвтэй байхыг хүссэн захидал илгээжээ. Гэтэл Хорезмын баруун хойно байх Отрар хотын захирагч Иналчуг жингийн цувааг дээрэмдэн хөтөч нарыг нь хороожээ. Энэхүү шударга бус үйл явдлын тухай Персийн түүхч Ата Мали Жувани бичихдээ “...нэг жингийн цувааг устгаснаар бүх л дэлхийд гай авчирсан юм” гэжээ. Чингис хаан Хорезмын Султанд “элчийг хороосон хотын захирагчийг шийтгэхийг хүссэн” захидал бүхий элч илгээхэд Султан харин ч эсрэгээр нь Чингис хааныг бүдүүлэг нүүдэлчин хэмээн эгдүүцжээ. Элчийг хороосон хэргийн хариуг авахаар Чингис хаан өндөр уулс, өргөн тал, элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газраар 4000 км замыг туулж Хорезм, Ургенч хотод хүрсэн бөгөөд урьд өмнө тийм алс холыг зорьж аян дайн хийсэн жанжин түүхэнд байхгүй билээ. Монголчууд Хорезм руу агшин зуур довтолж Отрар хотын захирагч Иналчугийг барьж нүд, чихэнд нь хайлуулсан мөнгө цутган сохолж дүлийрүүлэн алжээ. Хорезмын Султан одоогийн Азербайджаны хилийн зааг дээрх Астара хотын ойролцоох жижигхэн арлаас завиар зугтаж яваад замдаа халуун хатгаа тусч нас баржээ. 1223 онд Сүбээдэй жанжин Султаныг хайж Каспийн тэнгис өгсөж яваад Европ тивийг анх олж харсан бөгөөд энэ нь Монголчууд Европ тивийг нээсэн анхны нээлт байв. • 1226 оны намар Чингис хаан Тангудтай байлдахаар явах замдаа хулан авлахаар саатаж, унаж явсан улаан бор морь нь олон хулангаас цочин Чингис хаан мориноосоо ойчиж дотуур бэртэл авчээ. Шархны улмаас маш их халуурч байсан ч ухралгүй дайтсаар Тангудыг мөхөөж хааныг нь цаазалсан юм. Хааных нь нэр Бурхан гэдэг нэртэй байсан учир нэрийг нь өөрчилж байгаад цаазалсан гэдэг. Чингис хаан Тангудын эсрэг дайнаа хараахан дуусаагүй байхад нас барсан гэдэг боловч энэ талаар эрдэмтэд олон янзын саналтай байдаг билээ.

Их хориг: • Чингис хааныг нас барахад эх нутгийнх нь хөрсөнд нутаглуулсны дараа түүний албатууд хааны нойрсож буй газрыг хамруулан хэдэн зуун км газрыг дархалжээ. Энэ бүсийг дайчин овог сахин хамгаалж Алтан ургийнхнаас өөр хэнийг ч нэвтрүүлдэггүй байв. Их хориг гэгдэх болсон энэ бүс нутаг 800 жил хаалттай байж, тэнд ан ав хийх, мод огтлох, чулуу хөдөлгөх, жим мөр гаргах, байшин сүм барих, аялал хийх, зам гүүр тавих зэрэг бүгд хориотой байв. Бүсгүй хүн ариун дагшин Бурхан халдун уул харагдахаар ойрхон очиж болдоггүй, эрчүүд хажууд нь архи дарс уух, чангаар ярих, хайрханы нэрийг хэлэх зэрэг нь хориотой байв. 20-р зууны үед Зөвлөлтийн арми хажууд нь ирж буугаад Их хориг гэдэг нэрийг “дархан цаазтай газар” гэдэг нэрээр өөрчилжээ. Энэ үеэс анчид хөлхөж, захаар нь малчид бууж, жуулчид хөлхөж, гадныхан Чингис хааны онгоныг хайх болжээ. Энэ нутгийн хүмүүс олон зууны турш Чингис хааны онгоныг уул усны лус савдагууд хамгаалж ирсэн хэмээн итгэдэг бөгөөд тэд зөвлөлтийн нисдэг тэрэгний сүйрэл, Чингис хааны онгоныг хайсан хүний үхэл, түүнд оролцсон эрдэмтдийн золгүй амьдралын талаар жигтэй сонин оньсого мэт олон зүйлийг баримт болгон ярьсаар байдаг.