Jump to content

Англи хэлний авиа зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Англи хэлний авиа зүй нь ярианы англи хэлэнд ашиглагддаг дуу авианы систем юм. Өөр бусад хэлнүүдийн адилаар англи хэл нь түүхийн болон бусад аялгаас санаа авсан өргөн цар хүрээний дуудлагатай. Дэлхий даяарх англи хэлний аялганууд нь өөр хоорондоо маш ижил байдаг. Ерөнхийдөө ихэнх аялгад өргөлтгүй үеийн эгшиг суларч богиносдог, мөн чанга болон сул гийгүүлэгчдийг (хамрын бус тэсрэлтэт, задархай, шуугиант гийгүүлэгч) ялгах авиа зүйн цогц онцлогтой байдаг. Англи хэлний авиа зүйн судалгаа нь Английн Received Pronunciation, Америкийн General American, Австралийн General Australian гэх мэт голдуу нэр хүндтэй эсвэл стандарт аялгууд дээр төвлөрдөг. Гэвч ярианы англи хэлэнд эдгээр стандарт аялгаас өөр, ялангуяа бүс нутгийн маш олон аялга үүсэж хөгжсөн. Стандарт жишиг аялгууны тайлбар нь англи хэлний бусад аялгууны авиан зүйг ойлгоход зөвхөн хязгаарлагдмал баримжаа л болж чадна. Тухайн хэл эсвэл аялгаар яригчдад яг ижил үүрэгтэй гэж хүлээн авагддаг ярианы авиа эсвэл бүлэг өөр авиануудын абстракт ойлголтыг фонем гэнэ. Жишээ нь, англи хэлний three гэдэг үг нь гурван фонемоос бүрдэнэ: эхний (th) авиа, (r) авиа, болон эгшиг авиа. Энэ болон бусад олон англи үгэн дэх фонемууд нь тэдгээрийг бичихэд ашигладаг үсгүүдтэй үргэлж шууд тохирдоггүй (англи хэлний зөв бичих дүрэм нь бусад олон хэл шиг авиан дээр шууд үндэслэгдээгүй байдаг).