Jump to content

Андрей Ермак

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Андрей Ермак (укр. Андрій Борисович Єрмак; 1971 оны 11-р сарын 21-нд Зөвлөлт Украины Киев хотод төрсөн) — украины төрийн болон улс төрийн зүтгэлтэн, хуульч, кино продюсер. 2020 оны 2-р сарын 11-нээс 2025 оны 11-р сарын 28 хүртэл Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2 дахь дарга байсан.

Тэрээр 2020 оны 2-р сарын 12-ноос 2025 оны 12-р сарын 5 хүртэл Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​​​хамгаалах зөвлөлийн гишүүн. Украины Ерөнхийлөгчийн туслах (2019 оны 5-р сарын 21-2020 оны 2-р сарын 11). "Укроборонпром" Улсын Концерны Хяналтын зөвлөлийн гишүүн (2019 оны 10-р сарын 7-ноос 2020 оны 6-р сарын 19 хүртэл).

2026 оны 5-р сарын 11-нд Украины хууль хяналтын байгууллагууд Андрей Ермакийг албан ёсоор ялласан байна. Түүнийг Киевийн ойролцоох тансаг барилгын төсөлд 460 сая гривен мөнгө угаах, ялангуяа мөнгө угаахтай холбоотой зохион байгуулалттай бүлгийн гишүүн гэж үзэж байна.

Түүний эцэг Борис Ермак 1989 онд Афганистан дахь ЗХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын боловсон хүчний хэлтсийн даргаар томилогдсон.

Андрей Ермак 1989 онд Киев хотод ахлах сургуулиа төгсөж, Боловсролын яамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх төв хүрээлэнгийн техникийн сургалтын хэрэгслийн хэлтэст лабораторийн туслахаар ажиллаж байжээ. 1995 онд тэрээр Киевийн Тарас Шевченкогийн нэрэмжит Их Сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнг төгсөж, олон улсын хувийн эрх зүйн магистрын зэрэг, англи хэлний орчуулагчийн диплом хамгаалжээ. Мөн тэр жилдээ хуульчийн мэргэжлийн үнэмлэхээ авчээ.

1992-1995 онд тэрээр хоёр улсын хооронд соёл, боловсролын харилцаа холбоог хөгжүүлэхэд оролцдог "Итали-Украины Холбоо" олон нийтийн байгууллагад зөвлөхөөр ажиллаж байжээ.

1997 онд тэрээр зохиогчийн эрхийг хамгаалах болон хууль зүйн бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Олон улсын хуулийн фирм" үүсгэн байгуулж, арилжааны эрх зүй, оюуны өмчийн чиглэлээр анхны хууль тогтоомжийн актуудыг боловсруулахад идэвхтэй оролцсон.

2019 оны 5-р сарын 21-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский түүнийг Украины Ерөнхийлөгчийн туслахаар томилсон. Энэ албан тушаалд тэрээр гадаад бодлого, олон улсын харилцааг хариуцаж, Орос, АНУ болон Европын гол орнуудтай хийх хэлэлцээрийг хариуцаж байв. Тэрээр Киев болон Луганск, Донецкын хооронд олзлосодыг солилцох ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, Украины Ерөнхийлөгчийг гадаадад хийсэн бараг бүх ажлын айлчлалд нь дагалдан явж байсан юм.

2020 оны 2-р сарын 11-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленьский түүнийг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон.

2025 оны 3-р сарын 15-нд Ерөнхийлөгч В.Зеленьский "хэлэлцээрийн үйл явцыг хангах, энх тайвныг тогтоох" зорилгоор Ермакийг төлөөлөгчдийн тэргүүнээр томилсон. Ерөнхийлөгч Гадаад хэргийн сайдтай зөвлөлдсөний дагуу Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг түүнд зөвшөөрсөн.

2025 оны 11-р сарын 28-нд Украины Үндэсний Авлигатай Тэмцэх Товчоо (NABU) авлигын хэрэгт сэжиглэн Андрей Ермакийн гэрт нэгжлэг хийсэн. Тэр өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский түүнийг "өөрийн хүсэлтээр" огцорсон гэж мэдэгдсэн байна.