Jump to content

Андрей Кончаловский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Кончаловский

Андрей (Андрон) Кончаловский (жинхэнэ нэр - Андрей Сергеевич Михалков; 1937 оны 8-р сарын 20-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) - Зөвлөлтийн болон оросын театр, кино найруулагч, кино зохиолч, продюсер, нийгэм, улс төрийн зүтгэлтэн; Зөвлөлт Оросын Ардын жүжигчин (1980), Ах дүү Васильевын нэрэмжит РСФСР-ын Төрийн шагнал (1990), Казахстаны ЗХУ-ын Төрийн шагнал (1972), Венецийн кино наадмын хоёр "Мөнгөн арслан" шагнал (2014, 2016) хүртсэн. Оросын "Ника" кино академийн ерөнхийлөгч.

1937 оны 8-р сарын 20-нд Москва хотод зохиолч Сергей Владимирович Михалков, яруу найрагч орчуулагч Наталья Петровна Кончаловская нарын гэр бүлд төрсөн. Төрөхдөө Андрей гэж нэрлэгдсэн залуу найруулагч уран бүтээлийнхээ эхэнд өөрийгөө "Андрон" гэх болсон бөгөөд Михалков-Кончаловский гэсэн давхар овог авчээ. Одоогоор тэрээр өөрийгөө Андрей гэж дуудахыг илүүд үздэг байна.

Тэрээр Москвагийн Консерваторийн дэргэдэх Хөгжмийн сургуульд А.Г.Руббахын ангийг 1957 онд төгссөн, Москвагийн Улсын Консерваторид Л.Н.Оборины ангид 1957—1959 онд төгөлдөр хуурын ангид суралцсан болов ч төгсөөгүй. 1964 онд тэрээр ВГИК-ийн найруулагчийн ангийг Михаил Роммын удирдлага дор төгссөн.

Залуу насандаа японы Акира Куросавагийн уран бүтээлд автсан А.Кончаловский Чингиз Айтматовын зохиолоор “Анхны багш” анхны киногоо бүтээжээ. Уг киноны гол дүрд тоглуулсан залуу балетчин Наталья Аринбасароватай дараа нь гэрлэсэн байна.

1969 онд найруулагч анх удаа Оросын сонгодог зохиолд хандаж, Иван Тургеневын ижил нэртэй романаас сэдэвлэн "Язгууртнуудын үүр" киног бүтээжээ. Дараагийн кино нь Антон Чеховын "Ваня авга ах" (1970) сонгодог бүтээлээс сэдэвлэн бүтээсэн кино юм. Энэхүү кино нь Андрей Кончаловскийд гадаад дахь анхны амжилтыг авчирсан байна.

1980 онд тэрээр АНУ-ыцн Холливуд руу явсан. Тэрээр Жон Войт, Эрик Робертс, Ребекка Де Морнай нартай хамтран бүтээсэн "Зугтан галт тэрэг" (1985), гол дүрд нь Сильвестр Сталлоне, Курт Рассел нартай "Танго, Кэш хоёр" (1989) зэрэг хэд хэдэн киноны зураг авалтыг тэнд хийсэн. 1980-аад оны дундуур тэрээр Холливудын од Ширли МакЛэйнтэй богино хугацаанд (нэг жил) романтик харилцаатай байсан. Хожим нь Кончаловский Холливудад хүлээн зөвшөөрөгдөөгүй тул 1990-ээд оны эхээр эх орондоо буцаж иржээ.