Андрей Охтин

Андрей Охтин (орос. Андрей Яковлевич Охтин, жинхэнэ овог нь- Юров; 1891 онд Оросын Курланд мужид төрж, 1938 оны 1-р сарын 20-нд Москва хотод будан хороосон) — большевик, Бүх Оросын хурлын төлөөлөгч, Бүх Оросын Төв гүйцэтгэх Хорооны гишүүн, 1927-1933 онд ЗХУ-ын БНМАУ дахь бүрэн Эрхт төлөөлөгч, ЗХУ-ын Гаалийн Ерөнхий удирдах газрын дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Андрей Охтин 1891 онд Курланд мужийн Бауска дүүрэгт тариачин Яков Юровын гэр бүлд төржээ. Суурь боловсрол эзэмшсэн Андрей залуугаасаа ажилчин болжээ. Тэрээр 1908 онд Оросын Ажилчны Социал-Демократ нам (орос. РСДРП)-д элсэж, большевик болсон байна.
1906 онд тэрээр Оросын анхны хувьсгалын үеэр Латви улсад болсон зэвсэгт бослогод оролцсон хэргээр шүүхээс цаазаар авах ял оноосон боловч шийтгэлийг хэрэгжүүлээгүй юм.
Оросын Хоёрдугаар сарын хувьсгалын дараа 1917 оны 3-р сар тэрээр суллагдсан бөгөөд 1917 онд РСДРП(б)-ын Псков мужийн хорооны (мужийн хороо) гишүүн, түүнчлэн Ажилчид, цэргүүдийн депутатуудын Зөвлөлийн Бүх Оросын II их хурлын төлөөлөгч болжээ. Гурав, дөрөв, тав дахь удаагийн Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогджээ.
Тэрээр 1921 онд дипломат албанд шилжиж Зөвлөлт Оросын Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч (1921-1922), ЗХУ-ын Иран улсын Перманшах хот дахь Консул (1923-1925), ЗХУ-ын Худалдааны флотын Удирдах зөвлөлийн гишүүн (1926-1927) байсан.
А.Охтин 1927 оны 9-р сарын 14-нөөс 1933 оны 9-р сарын 2-нд ЗХУ-аас Монгол дахь Бүрэн эрхт төлөөлөгч байсан.
1937 онд Монголоос буцаж очоод 11-р сараас ЗХУ-ын Гадаад худалдааны Ардын комиссарын газрын Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдон ажилласан байна.
Түүнийг 1937 оны 11-р сарын 6-нд баривчилж (хоёр орлогчийн хамт) ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөлөөс "хувьсгалын эсэргүү байгууллагад оролцсон" гэх хэргээр цаазаар авах ял оноож 1938 оны 1-р сарын 20-нд ялыг гүйцэтгэсэн байна. Сүүлд 1956 онд түүнийг цагаатгасан юм.
Тэрээр БНМАУ-ын "Улаан тугийн одон"-гоор шагнуулж байжээ.