Андрэ Агасси

Андрэ Кирк Агасси (англи. Andre Kirk Agassi, 1970 оны 4-р сарын 29-нд АНУ-ын Лас-Вегас хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн теннисчин бөгөөд буяны үйлстэн. Тэрээр Их Дуулгын тэмцээнүүдийн 8 удаагийн ялагч бөгөөд Олимпын аварга юм.
Ираны цагаачийн хүү Андрэ Агасси багаасаа теннис тоглож сурч эхэлсэн. 13 настайдаа Ник Боллетьеригийн теннисний академид элссэний дараа дэлхийн шилдэг 100 теннисчний тоонд 16 насандаа багтаж, 19 насандаа 2 сая гаруй долларын орлого олж, Теннисний Мэргэжлийн Холбооны (ATP) чансаанд 3-рт бичигджээ. Карьерынхаа туршид тэрээр 60 тэмцээнд түрүүлж, түүний дотор найман Их Дуулгын ганцаарчилсан төрөл, нэг хосын төрөлд түрүүлж, түүхэн дэх Алтан Дуулгын цомыг хүртсэн анхны хүн болж, дараалсан 4 Их Дуулгын тэмцээн болон Олимпын наадамд түрүүлжээ. Тэрээр мөн АНУ-ын шигшээ багийн гишүүний хувиар эрэгтэйчүүдийн шигшээ багийн хамгийн нэр хүндтэй теннисний цом болох Дэвисийн цомыг 3 удаа хүртжээ. 1995-2003 оны хооронд тэрээр дэлхийн 1 номерын теннисчин болж нийт 101 долоо хоног тоглож, 2003 онд Теннисний Мэргэжлийн Холбооны чансааг тэргүүлсэн түүхэн дэх хамгийн ахмад тоглогч болжээ (энэ дээд амжилтыг хожим Рожер Федерер эвдсэн).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Андрэ Агасси 1970 оны 4-р сарын 29-нд Невада мужийн Лас Вегас хотод Эммануэль (Майк) Агасси болон Элизабет Дадли нарын дөрөв дэх бөгөөд отгон хүүхэд болж төрсөн. Эммануэль Агасси бол Ираны, дараа нь Америкийн боксчин бөгөөд Тегеранд армени эцэг эхийн гэр бүлд төрсөн. Эммануэль 1948, 1952 оны олимпод Ираныг төлөөлж оролцож байв. Эммануэлийн эцэг мужаан Дэвид Агасси Киевт төрсөн бөгөөд иргэний дайны үеэр Иран руу цагаачилж, Туркийн үймээн самуунаас айж, овогоо сольж Агасси болгон өөрчилжээ. Эммануэлийн эх Нуния нь Туркийн армени хүн байжээ.
10 настайдаа Андрэ АНУ-ын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд, 11 настайдаа хагас шигшээд ялагдсан. Эцэг түүнийг 13 настай байхад нь Флорида мужийн Брадентон дахь Ник Боллетьеригийн алдарт теннисний академид явуулсан. Боллетьери Андрэд академид үнэгүй суралцах боломж олгоод зогсохгүй 1993 он хүртэл түүний дасгалжуулагч хэвээр үлджээ. Шинэ дасгалжуулагч хүүгийн тоглолтыг өөрчилсөн: эцэг нь түүнд боломж бүрд тор руу урагшаа явахыг зааж байсан бол академи түүнийг найдвартай арын суурь тоглогч болгон хөгжүүлсэн байна.
Андрэ Агасси бол барилга, ресторан, зочид буудал, үл хөдлөх хөрөнгө, спортын клуб, шөнийн цэнгээний газрууд зэрэг амжилттай бизнес эрхлэгч юм. 1997-1999 онд гэрлэсэн анхны эхнэр, жүжигчин, загвар өмсөгч Брүүк Шилдсээсээ салсны дараа Агасси 2001 онд алдарт теннисчин, Алтан дуулга шагналт Штеффи Графтай гэрлэжээ. Андре, Стеффи нар хоёр хүүхэдтэй.
Их дуулга тэмцээний шилдэг амжилтууд:
[засварлах | кодоор засварлах]- Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн (1995, 2000, 2001, 2003).
- Францын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн (1999), дэд байр (1990, 1991).
- Уимблдоны ганцаарчилсан төрөлд түрүүлсэн (1992), дэд байр (1999).
- АНУ-ын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн (1994, 1999), дэд байр (1990, 1992, 2002, 2005).