Jump to content

Андрэ Мишлен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Андрэ Мишлен (Франц: André Jules Aristide Michelin; 1853 оны 1-р сарын 16-нд Парис хотод төрсөн — 1931 оны 4-р сарын 4-нд Парист нас барсан) — Францын инженер бөгөөд аж үйлдвэрлэгч, дүү Эдуар Мишлен (Франц: Édouard Michelin, 1859–1940)-ий хамт автомашины дугуй үйлдвэрлэгч Michelin компанийг үүсгэн байгуулагч. Мөн рестораны чансаа тогтоогч "Мишлены Улаан гид"-ийг санаачлагч.

1886 онд 33 настай Андрэ Мишлен өвөг эцгийнхээ дампуурсан хөдөө аж ахуйн бараа, тоног төхөөрөмжийн бизнесийг хариуцахын тулд Парисын амжилттай инженерийн карьераа орхисон. 1832 онд байгуулагдсан уг "Michelin et Cie" компани нь үүсгэн байгуулагчийн нас барсны дараа дампуурлын ирмэг дээр байв. Энэхүү компани нь фермийн тоног төхөөрөмж, бүс, хавхлага, хоолой зэрэг олон төрлийн резинэн бүтээгдэхүүн зардаг компани байсан юм. Андрэ компанийн удирдлагыг авмагцаа дүү Эдуараар компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Бизнес хийх бүрэн дүүрэн сэтгэл санаатай байсан ч ах дүү хоёрын аль нь ч бараа борлуулах туршлагагүй, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байв.

1889 онд Мишлен компанитай танил нэгэн дугуйчин Эдуар дээр дугуй нь хагарсан тул тусламж хүсэн ханджээ. 1880-аад оны сүүлээр дугуй унах нь Жон Данлопын 1888 онд хийлдэг дугуйны патентын ачаар түгээмэл тээврийн хэрэгсэл болсон байв. Данлоп зохион бүтээхээс өмнө дугуйг хатуу резинээр хийдэг байв. Хатуу резинэн дугуй нь барьцалдалт багатай бөгөөд хүнд, тав тухгүй байдлыг үүсгэдэг байжээ.

Үүний дараа Эдуар хийн дугуйнд ихээхэн анхаарал хандуулж эхэлжээ. Мишленчууд засварыг илүү хурдан хийх арга зам байгаа бол хийн дугуйны эрэлт хэрэгцээ их байх болно гэдгийг ойлгож эхлээд дугуйг салгаж авах боломжтой болгох ёстой гэж үзсэн. Эдуар олон туршилт хийж, хэд хэдэн туршилтын загвар боловсруулсан ингээд 1891 онд түүнд салгаж авах боломжтой дугуйны патент олгосон юм.

Андрэ Мишлен мөн "Аэро Клуб де Франс"-ыг үүсгэн байгуулагч байв. Андрэ Мишлен 1931 оны 4-р сарын 4-нд Парист 78 насандаа таалал төгссөн байна.