Jump to content

Анна Мари Тюссо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анна Мари Тюссо́ (франц. Anna Marie Tussaud, төрөхдөө Гросхольц, герман. Grosholtz; гол төлөв Мадам Тюссо гэдэг, 1761 оны 12-р сарын 12-нд Страсбург хотод төрсөн — 1850 оны 4-р сарын 18-нд Лондонд нас барсан) — францын уран барималч, Их Британид олон жил амьдарсан хүн. Лондон дахь Мадам Тюссо музей үүсгэн байгуулагч.

Мари Тюссо нь Алзасын офицер Жозеф Грошольц болон Швейцар эмэгтэй Анна-Мари Вальтер нарын гэр бүлд төрсөн бөгөөд Мари Грошольц (герман. Marie Grosholtz) нэртэй байжээ. Түүний эцэг Мари охиныг төрөхөөс өмнөхөн Долоон жилийн дайнд нас баржээ. Түүнийг нас барсны дараа эх нь хүүхдүүдтэйгээ Берн хот рүү нүүж, доктор Филипп Вильгельм Куртиусын (1741–1794) гэрийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ. Куртиус лаагаар анатомийн загвар хийж, хожим нь лаагаар хөрөг бүтээж эхэлжээ. 1765 онд Куртиус Парис руу нүүж, тэнд өөрийн урлан байгуулжээ. Мари эхийн хамт 1767 онд түүн рүү нүүж очжээ. Эх нь гэрийн үйлчлэгчээр ажилласаар байсан бөгөөд Мари лаан баримлын урлагт суралцаж эхэлжээ.

Куртиус шавь Марид лааны баримлын урлагийг зааж сургасан бөгөөд тэрээр тухайн үеийн алдартай хүмүүсийн дүр төрхийг дахин бүтээх авьяас чадвараа харуулсан юм. Мари Вольтер, Жан-Жак Руссо, Бенжамин Франклин зэрэг тухайн үеийн алдартай хүмүүсийн баримлыг бүтээжээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр хааны гэр бүлийн гишүүдийн дүрийг бүтээхээр уригдаж эхэлсэн. Мари хааны гэр бүлийнхэнтэй маш сайн харилцаатай болж байсан тул түүнийг Версаль руу нүүхээр уригдсан бөгөөд тэнд тэрээр XVI Луи хааны эгч зэрэгт урлагийг зааж байжээ.

Куртиусын лааны барималууд Францын хувьсгалд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Хувьсгал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 1789 оны 7-р сарын 12-нд хааны бодлогын эсрэг жагсаалын үеэр жагсагчид Орлеаны гүн болон саяхан огцорсон сангийн сайд Жак Неккерийн лааны баримлыг Парисын гудамжаар авч явсан.

Хаант засаг унасны дараа Мариг хуучин дэглэмийн төлөөлөгч, түүнийг дэмжигч хэмээн баривчилжээ. Шоронд тэрээр Наполеон Бонапартын ирээдүйн эхнэр Жозефина де Боарнетай танилцсан байна.

Мари суллагдсаныхаа дараа Куртиусын урланд буцаж ирэв. 1794 онд түүнийг нас барсны дараа залуу эмэгтэй урлан болон түүний баримлын цуглуулгыг өвлөн авсан юм. 1795 онд Мари инженер Франсуа Тюссотой гэрлэж, тэд Жозеф, Франсуа гэсэн хоёр хүүтэй болжээ. Маригийн баримлын цуглуулга өсөн нэмэгдэж, Парисын оршин суугчдын дунд маш их алдартай болжээ.

1802 онд Амьены энхийн гэрээ байгуулагдсан боломжийг ашигласан Мари архичин нөхрөө орхин, Их Британиар аялахаар гарч, цуглуулга болон дөрвөн настай том хүү Жозефоо дагуулан явжээ. Жилийн дараа хоёр улсын харилцаа муудаж, Мадам Тюссо Франц руу буцаж чадаагүй бөгөөд Их Британи, Ирландаар аялсаар байна. Наполеоныг унасны дараа түүний бага хүү Франсуа түүнтэй нэгдэж, 1835 онд тэрээр Лондон хотын Бейкер гудамжинд анхны байнгын үзэсгэлэнгээ нээж, алдарт музейнхээ эхлэлийг тавьсан юм. Түүний эртний зарим баримлууд эвдэоч устсан боловч Маригийн хадгалсан загваруудыг ашиглан сэргээн засварласан байна. 1842 онд тэрээр өөрийн хөрөг зургаа дуусгасан бөгөөд энэ нь түүний Мадам Тюссо музейд үзмэр болж байна.

1850 оны 4-р сарын 18-нд 88 насандаа Мари Тюссо Лондонд нас баржээ.