Антониу ди Салазар

Антониу ди Оливейре Салазар (порт. António de Oliveira Salazar; 1889 оны 4-р сарын 28-нд Лиссабон орчим төрсөн - 1970 оны 7-р сарын 27-нд Лиссабон хотод нас барсан) — Португалын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд (1932—1968), "Шинэ Төр" (порт. Estado Novo) үзэлтэй дэглэмийг байгуулагч, Португалын дарангуйлагч.
Тэрээр 1932 оны 7-р сарын 5-наас 1968 оны 9-р сарын 27 хүртэл Португалыг бодит байдал дээр захирч байсан. Тэрээр 1951 оны 4-р сарын 18-наас 7-р сарын 21 хүртэл 3 сар Португалын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэрээр Португалын Батлан хамгаалахын сайдаар гурван удаа (1932, 1936–1944, 1961–1962), Сангийн сайдаар хоёр удаа (1926, 1928–1940), Колони нутгуудын сайдаар (1932), Тэнгисийн цэргийн сайдаар (1936, 1939), Гадаад хэргийн сайдаар (1936–1947) ажиллаж байжээ.
Антониу ди Салазар хаанчлалынхаа эхний үед Португалын эдийн засгийн хямралыг даван туулж, улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн эдийн засгийн хямралын үед эдийн засгийн өсөлтийг хангаж чадсан юм. Гэсэн хэдий ч дарангуйлал, Үндэсний Холбооны намын эрх мэдлийн монополь байдал тогтоож, сөрөг хүчний байгууллагуудыг хориглож, устган дарангуйлсан юм.
А.Салазарын гадаад бодлого нь Португалд Дэлхийн хоёрдугаар дайнд оролцохоос зайлсхийх, дайнаас эдийн засгийн ашиг хүртэх, дайны дараа олон тооны колониудын бүрэн бүтэн байдлыг хадгалах боломжийг олгосон юм. Хөрш Испанийн Франсиско Франкогийн дэглэмтэй тал бүрийн нягт харилцаа холбоотой байсан. Мөн 1949 оны 4-р сарын 4-нд Португал НАТО-г үүсгэн байгуулагч нэг гишүүн болсон байна.
Дайны дараа колоничлолын эсрэг хөдөлгөөн эрчимжсэн боловч Антониу Салазар колоничлолоо хадгалахыг тууштай дэмжиж байв. Энэ нь социалист орнуудын дэмжлэгтэй колониудыг хянахын тулд удаан үргэлжилсэн дайн хийхэд хүргэсэн. 1970-аад оны эхээр Португал улс ихэнх колонидоо (Энэтхэгт хавсаргасан Гоа, Гвинейн нэг хэсгээс бусад) хяналтаа хадгалж чадсан боловч дайн нь тус улсын эдийн засагт маш их хохирол учруулж, цэрэг татлагаас зайлсхийхийг эрэлхийлсэн хүн амын цагаачлалын давалгааг өдөөж, Португалын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.
21-р зууны эхэн үед Антониу Салазар португалчуудын дунд алдартай хэвээр байгаа юм. 2007 оны 3-р сарын 26-нд "Аугаа их Португал" шоу нэвтрүүлгийн санал хураалтын үр дүнд Салазарыг тус улсын түүхэн дэх хамгийн агуу португал хүнээр нэрлэж, Далайчин Энрике (порт. Henrique о Navegador) болон Португалын анхны хаан бөгөөд Португалын төрийг үндэслэгч I Афонсу нарыг давжээ.