Ардын эрх сонин

Ардын эрх”. МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын хэвлэл болох энэ сониныг Засгийн газрын шийдвэрийн дагуу 1924 оны 2 дугаар сарын 5-наас эхлэн гаргажээ. Манай сэтгүүл зүйн түүхэнд анх удаа хамгийн том буюу 40 х 50 см хэмжээгээр 4-8 нүүртэй, 1000-3000 хувиар долоо хоног тутам гарч байсан бөгөөд 1925 оны 4 дүгээр сарын 2 хүртэл жил гаруйн хугацаанд нийт 50 дугаар гаргасан байна. Ардын засгаас ард түмний эрхийг бүх талаар хамгаалах зорилго тавьж байсныг билэгдэн “А. э.” хэмээн нэрлэжээ. “А. э.” сонин ардын засаг төрийг бэхжүүлэх, улс орныхоо эдийн засаг, аж ахуй, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх, намын байгуулагыг бэхжүүлэх талаар нам засгийн тавьж байсан бодлого, авч хэрэгжүүлсэн олон талт ажлын үр дүнгийг сурталчилж, олон түмэнд тайлбарлан таниулахад гол анхаарлаа хандуулж байв. Тус сонин анхны дугаартаа өөрийнхөө нийтлэлийн бодлогыг “Энэхүү сэтгүүлийг манай хоёр газраас эрхлэн гаргасан нь түмэн иргэний эрх чөлөөг хэрхэн бататгах, эрдэм соёлд хэрхэн боловсруулах, гадаад лугаа хэрхэн харилцах хийгээд цэргийн байдлыг хэрхэн сайжруулах, боловсруулах зэргийг ямагт шүүмжлэн тайлбарлах ба бас тус улсын дотор бүхий үнэн шударга бусыг арилгаж, шударга сайныг хөгжүүлэхийг хүсэх хийгээд нөгөөтэйгүүр Монгол Ардын Намын дотоодын сониныг нийтэлж, харъяат гишүүн ба ард түмэнд намын учир, дүрэм журмыг таниулж, гэгээрүүлэн боловсруулах, санал онолоо хурааж, харилцан шүүмжлүүлэн олны саналыг олж цаг тухайд нийлүүлэн явуулж, тусыг олохыг эрмэлзэх зорилготой” (58.243) гэж тодорхойлжээ. “А. э.” сонин МАН-ын бодлогыг сурталчилж, намын байгууллагыг бүх талаар бэхжүүлэх, намын нэр хүндийг дээшлүүлэх, Ардын хувьсгалын ололтыг хамгаалах, улс орныг ардчилсан зарчмид тулгуурлан удирдах, гадаадын эдийн засгийн эрхшээлээс гарах замаар хувьсгалт үйл явцыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн асуудлын хүрээнд мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хоршоо худалдааг өргөжүүлэх, байгалийн баялагийг оновчтой ашиглах асуудлыг өргөн хүрээнд тусгаж, тайлбарлан таниулахад гол анхаарлаа хандуулж байв. Мөн тус сонин нийгмийн хөгжлийн тухай К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин нарын үзэл онол, Октябрийн хувьсгалын ач холбогдол, Коммунист интернационал, Зөвлөлт засгийн гадаад дотоод бодлого, Монголын хувьсгалд үзүүлсэн тусламж, нөлөөг сурталчлахад ихээхэн анхаарч байжээ. “А. э.” сонины нийтлэл нь сэдэв, агуулга, бичлэгийн төрөл, зүйл, олон нийтийг хамрах хүрээ, нөлөөлөх чадварын хувьд урьд гарч байсан сонинуудаас үлэмж ахисан нийгэм-улс төрийн буурьтай хэвлэл байснаараа онцлогтой юм. Мөн анх удаа бичлэгийн олон төрөл, зүйлийг ашигласан, байнгын булан, ижил төстэй материиалуудыг нэгтгэсэн боолтыг ашиглан нийтлэлийг төрөлжүүлж өгөх, өөр шрифтээр ялгах, зурагтай гарчиг ашиглах зэрэг дизайны элемент, аргуудыг өргөн хэрэглэсэн, өөрөөр хэлбэл, сонины хийц хэлбэрийг сайжруулах талаар олон шинэ зүйлийг нэвтрүүлсэн сонин байв. Сонины эрхлэгчээр Ц.Дамбадорж, хянагчаар Г.Навааннамжил ажиллаж, С.Буяннэмэх, Д.Чимид, Ж.Цэвээн, Р.Элбэгдорж нараас гадна эмэгтэй Дашдэжид, Янжмаа нар байнгын идэвхтэн бичигчид байжээ. Тэд бичсэн зүйлдээ өөрсдийн нэрийг тавьдаггүй, янз бүрийн нууц нэр хэрэглэж байв. 1925 оны 3 дугаар сард хуралдсан Төв Хорооны III бүгд хурлын “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу 4 дүгээр сарын 23-ны 50 дахь дугаараас хойш “А. э.” сонин гаралтаа зогсоож, МАХН-ын Төв Хороо, МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Үнэн” сонинд халаагаа өгсөн байна.