Арилдийн Шархүү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Арилдийн Шархүү нь 1936 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Монгол улсын их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн аспирантурыг тус тус төгссөн. Орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. 1959 оноос эхлэн МУИС, Гадаад хэлний дээд сургууль, Хүмүүнлигийн ухааны их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторын сургалтын салбарын эрхлэгч зэрэг алба хашиж байсан. Дэд эрдэмтэн, профессор цолтой. “Монгол хэлний нөхцөлт үг, түүний хэлхэцийг орос хэлний холбогдох зүйлтэй зэрэгцүүлэн судлах нь ” сэдвээр 1971 онд ОХУ-ын Москва хотноо хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.  А. Шархүү нь Орос Зөвлөлтийн болон Өрнөдийн сонгодог зохиолчдын бүтээл туурвилаас орчуулан ард түмний хүртээл болгосноос гадна хэл шинжлэл, уран зохиолын онолоор 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Монголын болон дэлхийн шилдэг уран зохиолыг олон жил их дээд сургуульд зааж, нэр төртэй олон шавь нарыг төрүүлж ирсний зэрэгцээ эрдэм судлалын чамбай бүтээлүүд туурвиж, гадаадын сонгодог зохиолчдын бүтээлээс өргөн олон уншигчдын хүртээл болгоход жинтэй хувь нэмэр оруулсан хэл шинжлэлийн томоохон эрдэмтэн, орчуулагч юм. 1999 онд Хүмүүнлигийн Ухааны Их Сургуулийн багшаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн.

Бүтээл[засварлах | edit source]

Арилдийн Шархүү нь Их дээд сургуулийн оюутан, багш нарт зориулсан "XIX зууны Оросын уран зохиол", "Гадаадын уран зохиол" I, II дэвтэр (1985, 1986) "Орос монгол хэлзүйн харьцуулсан сургалтын найруулал", "Орчуулгын гарын авлага", "Туурвил зүй, орчуулга судлалын зарим асуудал", "Авиазүй, фонем судлалын үндсэн асуудлууд", дунд сургуулийн VIII ангид үзэх "Уран зохиолын сурах бичиг" зэрэг ном сурах бичиг хэвлүүлсэн нь одоо ч Их дээд сургуулийн багш оюутан сурагчдын үндсэн хэрэглэгдхүүн болсоор байна. Шархүү багш "Гаалийн нэр томьёоны орос монгол англи товч толь", "Дэлхийн уран зохиолын бага нэвтэрхий толь"зэрэг олон ном зохиолыг бие даан болон бусад эрдэмтэн судлаачдын хамт туурвижээ.