Арилжааны телевиз

Арилжааны телевиз (Орос хэл:Коммерческое телевидение, Англи хэл:Commercial television) гэдэг нь сурталчилгааны үйл ажиллагаанаас олсон орлогыг санхүүгийн гол эх үүсвэр болгодог телевизийг хэлнэ. Өнгөрсөн зууны 50-иад оны үед телевизийг зохион байгуулах, санхүүжүүлэх арилжааны хувийн, олон нийтийн, улсын гэсэн гурван үндсэн хэв маяг бий болжээ. 1941 онд АНУ-ын Мэдээлэл харилцааны холбооны комисс (FСС) теле нэвтрүүлэгт арилжааны сурталчилгааг ашиглахыг зөвшөөрсөн нь арилжааны телевиз эрчимтэй хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг. Энэ онд радиокорпораци СВS, хоёр жилийн дараа АНУ-ын нэвтрүүлгийн гурав дахь том корпораци болох АВС теле нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Дээрх арилжааны компаниуд телевизийн салбарт шинжлэх ухаан техникийн шинэ ололтыг нэвтрүүлж, технологийн шинэчлэл хийж, АНУ-ын телевизийн үйлдвэрлэлийн манлайлагчид болжээ. АНУ-д арилжааны телевиз төлөвшихөд үндэсний теле сүлжээ, салбар сүлжээ буюу сүлжээнүүдтэй “холбоотой” телестанциуд, бие даасан станциуд гэсэн гурван гол хувилбарыг өөртөө агуулсан телекорпорациуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Үндэсний теле сүлжээ гэдэг нь тэргүүлэх теле компаниудад харьяалагддаг, тэдний удирдлагын дор ажилладаг теле станциудын бүлэг юм. Өнгөрсөн зууны наяад оны үед эфирийн үндсэн теле сүлжээ болох NBC, CBS, ABC-тэй 1986 онд медиа-магнат Р.Мэрдокийн үүсгэн байгуулсан томоохон сүлжээ Foх нягт хамтран ажиллах болов. Мөн кабелийн телесүлжээ ч үндэсний телесүлжээнд хамрагддаг. Ерээд оны эхний хагаст АНУ-д Тurner Вroadcasting System – TBS, Discovery Network зэрэг теле сүлжээг хамарсан 60 гаруй кабелийн телевизийн сүлжээ үйл ажиллагаа явуулж байжээ. Салбар сүлжээнүүд гэдэг нь теле сүлжээний эздийн өмчинд байдаг, гэхдээ сүлжээтэй тодорхой гэрээний үндсэн дээр харилцаатай ажилладаг бие даасан телестанциуд юм. Үүнд гол төлөв өөрийн томоохон үйлдвэрлэлийн баазгүй орон нутгийн станциуд багтдаг. Сүлжээнүүд салбаруудыг арилжааны үндсэн дээр нэвтрүүлгийн хөтөлбөрөөр хангадаг бөгөөд түүнд өөрсдийн арилжааны зар сурталчилгааг оруулахыг зөвшөөрдөг. Энэ нь салбаруудыг өөрсдийн хүчээр нэвтрүүлгийн бүх хөтөлбөрийг бэлтгэхээс хөнгөлдөг боловч тэд үндэсний теле сүлжээний сурталчилгааг үзүүлэх зорилгоор хамгийн оновчтой цагийг, түүний дотор оройн «прайм-тайм»-ыг өгөх үүрэгтэй байдаг. Ерээд оны үед үндэсний тэргүүлэх гурван теле сүлжээний аль аль нь дунджаар 200 телестанцитай хамтран ажиллаж байжээ. Бие даасан станциуд гэдэг нь ямар нэгэн теле сүлжээтэй холбоотой бус, нэвтрүүлгийн хөтөлбөрийг өөрсдийн хүчээр бэлтгэдэг, эсвэл бусад телекомпаниудаас худалдаж авдаг, заримдаа хөтөлбөрийг харилцан солилцдог телестанциуд юм. Арилжааны телекомпаниуд реклам олгогчдоос аль болохоор их мөнгө авах сонирхолтой байдаг. Теле дэлгэцээр нэвтрүүлж буй сурталчилгааны үнэлгээ нь тухайн телекомпанийн рейтингээс буюу телекомпанийн, эсвэл тодорхой нэвтрүүлгийг хүлээн авагчдын тоо, хэмжээ, бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалдаг. Рейтингийг тодорхойлох аргыг 30-аад оны эхэнд радиод хэрэглэсэн бөгөөд түүнээс хойш үргэлж боловсронгуй болсоор ирсэн түүхтэй юм. Өнөөдөр теленэвтрүүлгийн амжилтын үзүүлэлт нь түүний рейтингийн төвшин болж, нэвтрүүлж буй бүтээгдэхүүний чанар нь ач холбогдлын хувьд хоёрдугаар зэрэгт орж байна. Арилжааны телекомпаниуд өөрийнхөө рейтингийг өсгөхийн тулд чанартай нэвтрүүлгээс татгалзаж, шоу, асуулт хариулт, уралдаант, цэнгээнт, «савангийн дуурь» (үз) зэрэг оюуны хэрэгцээ сонирхол өндөр бус үзэгчдэд зориулсан хөнгөн чанарын нэвтрүүлгийн араас хэт хөөцөлдөж, хүлээн авагчдын сэтгэл зүйгээр тоглох хандлага түгээмэл ажиглагддаг. Мөн теле нэвтрүүлгийн рейтинг, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор ямагт олон түмний анхаарлын төвд байдаг «анкорууд» (англи хэлний the anchor–«зангуу», «дэгээ») буюу нэртэй телевизийн хөтлөгч, тайлбарлагч, «одуудыг» урьж оролцуулдаг. Мэдээллийн нэвтрүүлэгт үйл явдлын хамгийн ээдрээтэй, зөрчилтэй, шуугиан дэгдээсэн хэсгийг үзүүлэхийг эрмэлздэг. Ер нь арилжааны аливаа телевизийн мэдээлэл-нийтлэлийн нэвтрүүлгийн нэг онцлог шинж нь хүчирхийлэл, харгис хэрцгий явдал, аваар осол, дайн байлдаан, нийгмийн эмх замбараагүй байдал зэргийг ямагт тэргүүн байранд тавьж, нийгмийн ач холбогдолтой үйл явдлыг үл хайхрах, эсвэл хоёрдугаар байранд тавих явдал байдаг. Өнөөдөр арилжааны телекомпаниуд, тэдний дотор 1955 оноос тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлсэн Британийн хувийн нэвтрүүлгийн байгууллагуудын бүлэг ITV, 1975 онд Италийн улсын телевизийн тогтолцоог өөрчлөн шинэчилсний дараа үүссэн С.Берлусконигийн хувийн сувгуудын нэвтрүүлэгт дээр дурдсан шинж гол байр эзэлдэг байна. Арилжааны телекомпаниуд эдийн засгийн хувьд ашигтай, үр өгөөжтэй ажиллах шаардлага нь нэвтрүүлгийн бодлогод аль болохоор хөрөнгө мөнгийг хэмнэх зарчмыг баримтлахад хүргэдэг. Тиймээс арилжааны телекомпаниуд өндөр рейтинг бүхий хөтөлбөр, фильмүүдийг олон дахин давтах, сонирхолтой хөгжөөнт нэвтрүүлгийг худалдан авах, нэвтрүүлэг бэлтгэхэд гадны бие даасан уран бүтээлчдийн хамтлагийг ашиглах, цөөн орон тоогоор ажиллах, нэг хүн хэд хэдэн мэргэжилтний ажил, үүргийг хасвран гүйцэтгэх, «цөөн хүний» хөдөлмөрийг шаарддаг компьютерийн технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлуу-дыг шийдвэрлэхийг чухалчилдаг байна. Эфирийн телевизтэй харьцуулахад кабелийн телевизийн зар сурталчилгаанаас олох орлого нь үлэмж бага учраас тэдний үр ашигтай ажиллах асуудлыг шийдвэрлэх гол арга нь нэвтрүүлгийн сувгийг хэрэглэгчдэд төлбөртэй ашиглуулах (захиалгаар) явдал юм.