Арменичуудыг аймаглан устгасан явдал
Арменичуудыг аймаглан устгасан явдал (армени. Հայոց Ցեղասպանություն, турк. Ermeni soykırımı — арменичуудыг аймаглан утгасан явдал, турк. Ermeni Kırımı — армений хядлага; армени хэлээр- Մեծ Եղեռն — Их аллага, англи. Armenian genocide) —1915 оноос эхлэн буюу дэлхийн нэгдүгээр дайны үед Османы эзэнт гүрний хяналтад байсан нутаг дэвсгэрт (зарим эх сурвалжийн мэдээлснээр 1923 он хүртэл үргэлжилсэн) зохион байгуулж, явуулсан арменичуудыг аймаглан устгасан явдал юм.

Албадан гаргахыг шаардсан бичиг гаргахаас гадна Османы Дотоод хэргийн яам, Эвлэл дэвшил намын төв хорооноос армений суурьшсан хүмүүсийг олноор нь хөнөөх ажлыг зохион байгуулах тухай аман нууц тушаалуудыг тараасан байдаг юм. Энэхүү бодлогын нэг зорилго нь Османы эзэнт гүрнийг армян хүн амаас бүрэн цэвэрлэх явдал байв.
Уг аймаглан устгах явдал хэд хэдэн үе шаттайгаар явагдсан байна. Османы армид алба хааж байсан армени цэргүүдийн зэвсгийг хураах, тулалдааны бүс нутгаас арменичуудыг сонгон албадан гаргах, албадан гаргах тухай хууль батлах, арменичуудыг үй олноор алах зэрэг юм.
1915 оны 4-р сарын 24-нд Османы эрх баригчид Армений олон зуун сэхээтэн, удирдагчдыг Константинопольоос баривчилж, албадан гаргасан юм. Талаат Пашагийн тушаалаар 1915, 1916 онуудад 800,000-аас 1,2 сая арменичуудыг Сирийн цөл рүү илт үхэлд илгээсэн байна.
1916 онд аллагын ээлжит давалгааг зарлаж, оны эцэс гэхэд 200,000 орчим албадан гаргагдсан хүмүүсийг амьд үлдээжээ. Ойролцоогоор 100,000-200,000 армени эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Исламын шашинд хүчээр оруулж, лалын шашинтай өрхүүдэд нэгтгэжээ. Дэлхийн 1-р дайны дараа ч Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн явуулсан Туркийн тусгаар тогтнолын дайны үеэр амьд үлдсэн арменичуудыг үй олноор хядах угсаатны "цэвэрлэгээ" үргэлжилсээр байв.
Османы эзэнт гүрэнд Арменчуудыг аймаглан устгах явдалтай нэгэн зэрэг Грекчуудыг аймаглан устгах үйл явц болсон гэж үздэг.
Армений геноцид нь Холокостын дараа түүхэнд хамгийн их судлагдсан аймаглан устгах хоёр дахь үйлдэл юм. 1915 оны 5-р сарын 24-ний хамтарсан тунхаглалд холбоотон орнууд (Их Британи, Франц, Орос) түүхэндээ анх удаа арменичуудыг олноор аймаглан хөнөөсөн үйлдлийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрсөн.
Орчин үеийн Турк, Азербайжан улсын албан ёсны түүх судлал нь геноцидын баримтыг үгүйсгэдэг боловч олон тооны армени хохирогчид байсан гэж хүлээн зөвшөөрдөг юм.
«Британника» нэвтэрхий толь бичгийн дагуу энэ аймаглан устгах ажиллагааны үеэр 600 000 -аас 1 500 000 арменичууд нас барсан гэж үздэг.