Jump to content

Артур Кларк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Артур Кларк, 1965 он

Сэр Артур Чарльз Кларк (англи. Arthur Charles Clarke, 1917 оны 12-р сарын 16-нд Их Британийн Сомерсет мужийн Майнхед хотод төрж, 2008 оны 3-р сарын 19-нд Шри Ланка улсын Коломбод нас барсан) нь Английн зохиолч, ирээдүй судлаач, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэгч. Британийн эзэнт гүрний одон (1989), Эзэн хааны Бакалавр цол (1998) хүртсэн. Артур Кларк 20-р зууны англи хэлээрх зөгнөлт уран зохиолын төрөл жанрыг хөгжүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн америкийн Айзек Азимов, Роберт Хайнлейн нарын "том гурвын" нэг юм.

Артур Кларк, 2005 он

Тэрээр залуу наснаасаа шинжлэх ухааны зөгнөлт зохиолд дуртай болж 1936 оноос "Британийн гараг ​​хоорондын нийгэмлэг" (англи. British Interplanetary Society)-ийн гишүүн байсан бөгөөд 1946–1947, 1950–1953 онд даргаар нь сонгогдож байжээ. 1945 онд тэрээр "Дэлхийн гаднах дахин дамжуулагч" нийтлэлийг нийтэлж, геостационар давтагч хиймэл дагуулын санааг дэвшүүлж, дараа нь энэ санаа нь амжилттай хэрэгжсэн юм. Энэхүү төсөл нь Кларкад олон шагнал авчирсан, тухайлбал 1982 онд Олон улсын Маркони шагнал (англи. Marconi Prize), Франклины хүрээлэнгийн (англи. Franklin Institute) Алтан медаль, Линдбергийн шагнал болон бусад олон шагнал хүртсэн. 1950 оноос хойш тэрээр Хатан хааны одон орон судлалын нийгэмлэг (англи. Royal Astronomical Society)-ийн гишүүн болжээ. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд гаргасан амжилтынхаа төлөө 1961 онд Калинга шагнал (англи. Kalinga Prize) хүртсэн байна.

1950, 1960-аад онд Артур Кларк технологийн тодорхой салбаруудын хөгжил, улмаар нийгэмд гарах өөрчлөлтийн талаар тодорхой таамаглал дэвшүүлсэн футурологич гэдгээрээ алдартай болсон. Эдгээр таамаглалыг агуулсан нийтлэл, номууд 1945-1976 оны хооронд хэвлэгдсэн бөгөөд Жозеф Пелтоны тооцоолсноор Кларкийн урьдчилан зөгнөсөн наад зах нь 15 "зөгнөлүүд" амьдралд биелсэн байна.

Артур Кларк 1975 онд Шри Ланкын иргэншил авсан. Полиомиелит өвчнөөс болж зохиолч 1990-ээд онд суугаа болж тэргэнцэр хэрэглэх болж, зохиолчидтой хамтран их ажиллаж эхэлсэн байна.