Архангай аймгийн музей
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Архангай аймгийн музей нь 1949 онд 500 гаруй үзмэртэй, “Орон нутаг судлах кабинет” нэртэй байгуулагдсан. 1967 онд “Аймгийн орон нутгийг судлах музей” болж, 1997 оноос “Аймгийн музей” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус аймгийн музей нь 1636 он орчим баригдсан монгол уран барилгын өв болох Халхын анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн (1646-1715) Лаврин ордонд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой юм. Сан хөмрөгтөө түүх, угсаатан, шашин, соёл, урлаг, уран сайхны төрөл зүйлийн 4000 орчим үзмэртэй. Нэн эртний чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх Монгол орон, Архангай аймгийн түүх, нутгийн зон олны өвөрмөц соёлыг илтгэх үзмэрийг 7 танхимдаа дэглэн үзүүлдэг.
Эдгээр үзмэр дотор 18-р зууны сүүлчээр Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уран дархан Ерэнтэйн урласан хэт хутга, хэт бэл, Бэйсийн хүрээнд эдэлж хэрэглэж байсан Манжилжав уран дарханы бойпор, Далай Чойнхор вангийн хошуу Чавганц дарханы домбо, Заяын хүрээний лам Дамчаагийн хэрэглэж байсан хаш аяга, Луу гүний Вандан аваргын хэрэглэж байсан хэт хутга, Ооромбо гэгээний хэт хутга, Сайн ноён Ханы хэрэглэж байсан мөнгөн хөөрөг, Агь ноён Артагсэдийн эдэлж хэрэглэж байсан Зандан модон иштэй сунтаг, Луу гүний хошуу Ширзагдын эдэлж хэрэглэж байсан зааны ясан, мөнгөн тоногтой хэт хутга, Шиваа ширээтийн шавь Жаргалын шавар хөөрөг, Ширээт гэгээний гэсгүй лам Базарсэдийн гурван үе дамжин эдэлж хэрэглэж байсан мөнгөн нуух, шүрэн толгойтой чулуун хөөрөг, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан шүүсний хутга, Зая гэгээний 14 нас хүртлээ хэрэглэж байсан хар минчүүн шаахай, Хулсан хавчуургатай дэвүүр, зүү ороож хээ угалзаар чимэглэсэн ариун цэврийн иж бүрдэл, Зая гэгээн Лувсантүвдэнчойжийнямын эхнэрийн хэрэглэж байсан толгойны гоёл чимэглэл, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан бурхан шүтээний эд зүйлүүд болон маш олон онцлог содон үзмэрүүд хадгалагдаж байдгаараа онцлог юм.