Jump to content

Асано отряд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Асано» отряд (япон. 浅野部隊, орос. Отряд Асано) — Манж-го улсад Зөвөлт засгаас зугтаан цагаачлан амьдарч байсан цагаан хөдөлгөөний оросуудаас бүрдүүлсэн цэргийн нэгтгэл юм.

"Асано" отрядынхан

1936 оны сүүлчээр Японы Эзэн хааны Квантуны армийн штабаас хурандаа Кавабе, Тораширо нарын боловсруулсан төлөвлөгөөний дагуу 1932 онд хагас цэрэгжсэн орос цагаачдын отрядууд байгуулахаар болсон, үүнд ойн цагдаа, уулын цагдаа, аюулгүй байдлын отрядууд нэг цэргийн тусгай ангид нэгтгэх зорилготой байжээ. Гэвч Оросын цагаачдыг нэгтгэсэн цэргийн анги байгуулах ажил төрөл бүрийн шалтгаанаар хойшлогдоод байжээ.

1938 оны эхээр Манж-Го улсын армийн бүрэлдэхүүнд цагаач Оросын анхны цэргийн анги байгуулагдаж, түүний командлагч, хошууч (1939 оноос дэд хурандаа, дараа нь хурандаа) Асано Макото-гийн нэрэмжит болжээ. Түүний туслах нь цагаач Гурген Наголян болжээ. Тагнуул, хорлон сүйтгэх анги хэлбэрээр байгуулагдсан отряд Харбин хотоос 60 километрийн зайд орших Сунгари II төмөр замын өртөөний ойролцоо нууцаар байрлаж байжээ. Анхны ангийг Оросын ойн цагдаагийн ангиудын ангид тусгайлан илгээсэн цагдаа нар, Оросын фашист намын сургалтын багийн гишүүд, Монархист нийгэмлэгийн төлөөлөгчид, техникийн мэргэжилтэй залуучууд, казак залуучуудаас бүрдсэн анхны анги нь 250 орчим хүнтэй байв. 1938 оны 4-р сарын 29-нд боловсон хүчнийг бүрэн бүрдүүлж, Манж-го улсын зөвшөөрсөн баримт бичиг хүлээн авсан өдрийг отрядын албан ёсоор байгуулагдсан огноо гэж үздэг байна.

Анх тус отряд нь Вашио, Асакура, Кушиада, Оомура гэсэн командлагчдын нэрээр нэрлэгдсэн дөрвөн ангиас бүрдсэн байна. Вашиогийн анги нь япон винтов буугаар зэвсэглэсэн анги байв. Асакурагийн анги нь инженерийн анги байхаар төлөвлөж байсан боловч үнэн хэрэгтээ винтовын нэгжийн үүрэг гүйцэтгэсэн. Кусиада анги нь их бууны анги байсан (уулын буу, морин бөмбөг шидэгчээр зэвсэглэсэн). Оомурагийн хэсэг нь радио телеграф харилцаа холбооны анги байжээ. Тус отрядад алба хаах хугацаа гурван жил байсан. Жилийн дараа 1939 онд Асано анги морин цэргийн анги болжээ. Дараа нь цагаач Оросын цэргийн гурван анги байсан: Сунгари морин анги, Хандаохэжи явган цэргийн анги, Хайлаар казакийн анги. Нийт отрядын бүрэлдэхүүнд 800 орчим хүн байсан ажээ.

Эхлээд Асано отрядад орос цагаачдыг сайн дурын үндсэн дээр элсүүлж байсан. Дараа нь 18-36 насны орос цагаачдаас дайчлах замаар бүрдүүлж дайчилгааны ажиллагааг Японы цэргийн төлөөлөгчийн газар зохион байгуулж байсан бөгөөд тэд хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг харгалзан цэргийн алба хаах чадварыг тодорхойлдог байжээ.

Асано отрядынхан Японы цэргийн дүрэмт хувцасны хуулбар болох 98-р төрлийн Манж-гогийн армийн хувцас өмсдөг байсан. Байлдагч цэргүүд таван хошуут одтой малгай байсан бол офицерууд нь фуражк малгай хэрэглэж байсан.

1938 онд тус отрядыг япончууд солонгос партизануудын эсрэг тулалдаанд ашигласан. Асано отрядын нэг взвод Хасан нуурын мөргөлдөөнд оролцсон. Взводын гишүүдийг юуны түрүүнд Японы ангиудын хоорондын харилцаа холбоог сэргээхэд ашигласан. Асано отрядын анги Халхын голын дайнд (1939 оны 5-р сараас 9-р сар) Номунханы хэрэг гэж нэрлэгддэг тулалдаанд оролцсон байна. Тулааны үеэр отрядын радио оператор Михаил Натаров амь үрэгджээ. Төрөл бүрийн эх сурвалжийн мэдээлснээр Асано отрядад Зөвлөлтийн тагнуулууд байсны улмаас амжилт, бүтэлгүйтэл хоёулаа ээлжилж байсан.

1940 онд Асано отрядын Оросын явган цэргүүдийг Хандаохези өртөөнд байрлуулжээ. Тэднийг Манжийн албаны орос хошууч А.Н.Гукаев удирдаж байв. 1941 онд Аугаа их эх орны дайн эхэлснээр Зөвлөлтийн ар тал руу хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан Асано отрядын Оросын 400 шилдэг дайчдыг сонгон авч байжээ.

Алба хаах хугацаа эхлээд 3 сар, дараа нь 6 сар байв. 1942 оноос эхлэн бүх цагаач орос залуус Асано отрядад цэргийн албанд татагдах ёстой байв. Оросын бригад 3500 жад, сэлэм бүхий цэргүүдийн нөөцтэй байсан. 1943 оны зун отрядын ахмад Асакура болон Оросын хэд хэдэн зааварлагч Сунгари II дээр ирэв. Отрядад винтовчид, гранат буучид, радио операторууд, хорлон сүйтгэх ажлын мэргэжилтнүүд нэмэгдсэн байна.

1943 оны 12-р сараас эхлэн Асано отрядын нэрийг "Оросын цэргийн отряд"-ууд болгон өөрчилж Асано отрядын түүх дуусгавар болсон байна. Гэсэн хэдий ч олон хүн Квантуны армийн талд байсан Оросын ангиудын дараагийн бүрэлдэхүүнийг "Асано бригад" гэж андуурдаг байжээ.