Афонсо де Албукерке

Афонсо де Албукерке (Португал: Afonso de Albuquerque; 1453 онд Португалын хаант улсын Лиссабон хотын орчим Альяандра хотод төрсөн - 1515 оны 12-р сарын 16-нд Португалын колони байсан Португалийын Энэтхэгийн хуучин Гоад нас барсан) буюу Их Албукерке (Португал: Grande Albuquerque) нь Португалын генерал, төрийн зүтгэлтэн бөгөөд Португалийын эзэнт улсыг сүндэрлүүлсэн гол хүн. Энэтхэгийн Гоа (1510), Малайзын Малакка (1511) зэрэг Энэтхэгийн далайн эрэг дагуу Португалын байнгын гарнизон бүхий бэхлэлт цэгүүдийг байгуулснаар Албукерке нь Евразийн далайн худалдааны гол замуудыг арабуудаас булаан авч хяналтдаа оруулж чаджээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Афонсо хүү Вила Верде душ Франкос хотын эзэн Гонсало де Албукеркегийн 4 хүүгийн хоёр дахь нь байв. Түүний эцэг, өвөг эцэг нар I Жуан, I Дуарте хаадад итгэмжлэгдсэн нарийн бичгийн дарга нараар ажиллаж байжээ. Түүний эхийн талын өвөг эцэг Португалын далайн цэргийн адмирал байжээ. Тэрээр Хойд Африкийн мусульман удирдагчдын эсрэг хийсэн аян дайнаас анхны цэргийн туршлагаа олж авсан. Эдгээр "загалмайтны аян дайн"-ыг залуу язгууртнууд алдар нэр, эд баялаг, хааны таалалд хүрэх хамгийн найдвартай арга гэж үздэг байв. 1471 онд тэрээр Танжер, Асилаг эзлэн авахад оролцов. II Жуан хаан залуу офицерыг анзаарч, түүнд хэргэм цол олгож байжээ.
Афонсо де Албукерке Хойд Африкт 10 жил алба хааж, цэргийн ихээхэн туршлага хуримтлуулсан. 1471 онд тэрээр V Афонсо хаантай хамт Танжер, Анафе, Арзилаг эзлэн авахад хамт явж, хэдэн жил гарнизонд офицероор ажиллажээ. 1476 онд тэрээр Кастилийн эсрэг дайнд ханхүү Жуаныг дагалдан явжээ. Тэрээр мөн 1480 онд Арагон, Сицили, Неаполийн хаан II Фердинанд туслахаар илгээсэн эскадрильд оролцож, туркуудыг дарж, Италийн хойг дахь тэдний давшилтыг зогсооход оролцсон бөгөөд энэ нь 1481 онд Христийн шашны ялалтаар өндөрлөжээ.
1481 онд II Жуан хаан ширээнд дахин суухад Албукерке Португал руу буцаж ирээд түүний дэргэд очиж гүн цол хүртжээ. 1489 онд тэрээр Хойд Африкт алба хаахаар буцаж очоод, Лараче хүрэх замд байрлах Лукос голын эрэг дээрх арал дээр байрладаг, 1490 онд II Жуан хааны харуулын нэг хэсэг байсан Грасиоза цайзын хамгаалалтыг удирджээ.