Jump to content

Аюудайн Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайжиуд овогт Аюудайн Очир (1948 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн) - Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн (2016), Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор. Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн зөвлөх, захирал.

1975 онд Монгол Улсын их сургуулийг дүүргэсэн. Профессор А.Очир монголын эртний судлал, дундад зууны түүх, угсаатан судлал зэрэг салбарт цартай судалгаа хийж, эрт цагт Монгол нутагт оршин тогтносон нүүдэлчдийн төр улсуудын хот суурин, булш бунхан, гэрэлт хөшөө, хадны бичээсүүдийг сурвалжлан илрүүлэх, судлан шинжлэх чиглэлээр идэвхтэй ажилласан.

Аюудайн Очир Монголын түүх, соёлын салбарт судалгаа хийж, дангаараа болон бусадтай хамтран 8 ганц сэдэвт зохиол, мөн 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл туурвиж нийтлүүлсэн.

"Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал" (1999 он), "'Монгол нэвтэрхий толь" 2 боть (2001 он), "Монгол улсын түүх" 5 боть зохиол (2004 он), "'Монголчуудын түүх соёлын атлас" (Монгол, англи хэвлэл 2005, 2007 он ), "Чингис хаан толь бичиг" (2006 он), "'Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх өвийн хадгалалт" (2006 он) зэрэг хамтын бүтээлүүдийн ерөнхий редактор, редактор, үндсэн зохиогчоор ажиллажээ. Түүний 20 гаруй бүтээлийг орос, англи, япон, хятад, солонгос зэрэг гадаад хэл рүү орчуулан, мэргэжлийн сэтгүүл, цувралуудад нийтэлсэн байна. Мөн "Монголчуудын овгийн лавлах" 1993 онд, "Монгол Ойрадуудын Түүхийн Товч" зэрэг ном хэвлүүлсэн.

Түүнд 2022 оны 12-р сарын 26-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртээсэн.