Аюурзанын Цанжид
Аюурзанын Цанжид (1948 онд Говь-Алтай аймагт төрсөн) -Түүхийн ухааны доктор, профессор. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд (2000-2004).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1973 онд Польш улсад Вроцлав хотын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженерийн мэргэжлээр төгссөн. 1982 онд Намын дээд сургууль, нийгмийн ухааны академи төгссөн.
1973-1980 онд Говь-Алтай аймгийн барилга угсралтын комбинатад инженер, Эрчим хүчний үйлдвэрийн дарга. 1980 онд Намын Дээд сургуульд элсэн орж суралаж 1982 онд онц дүнтэй төгсөж, тус сургуулийн Намын байгуулалтын тэнхимд багш болж их, дээд сургуульд багшилж, эрдэм судалгааны ажил эрхэлж ирсэн.
1988 онд ЗХУ-ын Москва хот дахь Зөвлөлтийн Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид дэд докторын зэрэг хамгаалжээ.
А.Цанжид 1992 онд улс төр судлалын төвд ажиллаж байсан залуу багш нарыг удирдан “Улс төрийн шинжлэх ухааны үндэс” гэсэн анхны гарын авлагыг бичиж хэвлүүлжээ. Мөн 1996 онд Улс төрийн шинжлэх ухаан буюу товчилбол УШУ хэмээх сурах бичгийг бичсэн байна.
1996-2000 онд МАХН-ын дэргэдэх сургалт судалгааны "Прогноз" төвийн захирал.
2000-2004 онуудад Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны сайдаар ажилласан.
2000-2004, 2004-2008 ондуудад УИХ-ын гишүүнээр 2 дахин сонгогдон ажилласан.
2017 оноос Этүгэн их сургуулийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга.
Монголын Шинжлэх ухааны академийн нийгмийн ухааны салбарын бага чуулганы дэргэдэх Гүн ухаан, социологи, улс төр, соёл, урлаг судлалын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар А.Цанжид “Монголын төрт ёс” сэдвээр Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]'Улстөрийн шинжлэх ухаан', 'Төрийн захиргаа', 'Бодлого судлал' зэрэг сурах бичиг, 'Монгол соёл иргэншил', 'Монголын төрт ёс', 'Уугуул монгол соёл', 'Соёл: зохицохуй ба эзэмдэхүй', 'Хөдөөгийн хөгжлийн бодлого:онол, туршлага, сургамж', 'Төр барихуй монгол ухаан', 'Төр ухаан', 'Институтийн онол, арга зүйг бодлого судлалд хэрэглэх нь', 'Шинэ нөхцөл дэх шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого', 'Хөгжлийн стратегийн талаар эргэцүүлэх нь', 'Монголын нууц товчооны нууцыг мөшгөхүй', 'Хувьсган өөрчлөгч боловсрол: дэлхийн чиг хандлага, философи, бодлогын асуудлууд', 'Монголын боловсролын философийн асуудалд' зэрэг судалгааны бүтээл, 'Залуучуудын хүмүүжил', 'Ардчилсан социализм', зэрэг сурталчилгааны товхимол, олон арван судалгаа, сурталчилгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн. 'Бодлогын шинжилгээ', 'Төрийн бодлолго', 'Хиймэл оюуныг төрийн бодлогод ашиглах нь' зэрэг номыг орос, англи хэлнээс орчуулсан. 'Бодь модны дор бодлогоширном' нэртэй шүлгийн ном бичиж нийтлүүлсэн. Уг номонд зохиогчийн өөрийн болон польш хэлнээс орчуулсан яруу найргийн бүтээлүүд багтсан. 'Монголчуудын түүх, соёлын атлас', Монголын шинжлэх ухаан-108 боть, Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал 30 боть зэрэг олон бүтээлийн ерөнхий редактор, төслийн багийн ахлагч, зөвлөхөөр ажиллажээ.
Төрийн ордонд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө барих, шижир алт, цалин цагаан мөнгө, эрдэнийн зүйлсээр 'Монголын нууц товчоо', 'Үндсэн хууль' номыг бүтээхэд зөвлөхөөр ажилласан.