Аюурын Дулмаа
Аюурын Дулмаа (1935 онд төрсөн) - Монгол Улсын Шинжлэх ухааны доктор, профессор, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн судлаач. Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжаагийн Баярын эх нь юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]А.Дулмаа Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит 2-р арван жилийн дунд сургуульд сурч байгаад 6-р ангиасаа Монгол Улсын Их сургуульд шалгалт өгч орж суралцаад 1956 онд төгссөн байна.
Их сургуулиа төгсөөд тухайн үеийн УБДС-д багшилж байгаад 1965 оноос Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд тасгийн эрхлэгч, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажилласан байна. Академич А.Дулмаа 1964 онд “Дархадын хотгорын нууруудын гидрогеологи” сэдвээр биологийн ухааны дэд докторын, 1974 онд “БНМАУ-ын нууруудын биологи” сэдвээр Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 1987 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогджээ.
Академич А.Дулмаа 1975 оноос хойш “Монгол-Зөвлөлтийн биологийн иж бүрэн экспедицийн загас судлалын отряд” (хуучин нэрээр)-ын эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж байсан бөгөөд 1994-1995 онд Монгол-Швейцарийн, 1995 оноос Монгол-Германы хамтарсан хайгуул судалгааг явуулж байв.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Аюурын Дулмаа нь ЗХУ-ыг Байгал нуурын загас үржүүлгийн үйлдвэрээс 14 сая орчим омуль загасны авгалдай авчирч Хөвсгөл нуурт нутагшуулснаас эхлээд Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг 8 аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн байна. Улмаар жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон юм.
1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд Амьтан судлал, Гидробиологи, Загас судлалын тасаг, лабораторид эрхлэгч, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байна.
Тэрээр Дархадын хотгорын бүлэг нууруудаас эхлэн Монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн, тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьтдын идэш тэжээлийн холбооны зүй тогтлыг судалж буй юм. ХААИС–д Загас үржүүлэг технологи мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, сайжруулан хөгжүүлэхэд зүтгэл гарган ажиллаж ирсэн ба түүний олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд буй болсон эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, ном сурах бичгүүдийг сургалтад ашигласаар байна. Мөн үүний зэрэгцээ “Загас үржүүлгийн лаборатори”-г байгуулахад идэвх зүтгэл гарган ажилласан ба байгаль хамгааллын чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Судалгааны ажлуудынхаа үр дүнгээр “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын нууруудын биологи”, “Монгол орны загас” 2 боть, “Монголын ховор загас” зэрэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 300 гаруйг хэвлүүлжээ.